Иргэдийн хүсэлтэд хуулийн дагуу шуурхай хариу өгнө гэв

2013-05-17 00:00:00
Нийслэлийн “Иргэдийг хүлээн авах төв”-өөр дамжуулан Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн 22 иргэнийг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа. Долоо хоногийн Баасан гарагийг нийслэлийн Засаг дарга иргэдтэй уулзах өдөр болгосон бөгөөд энэхүү уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Нийслэлийн Ерөнхий архитектор, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга зэрэг холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Нийслэлийн удирдлагатай уулзахаар ирсэн иргэдийн дийлэнх нь орон сууц хүсэж  байгаагаа илэрхийлж байсан бөгөөд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд энэ хүсэлтийг шийдвэрлэх боломжтойг хотын дарга танилцуулсан юм.  Мөн зарим иргэд тухайн үеийн албан тушаалтнуудын шийдвэрээр өөр зориулалтаар ашиглах зорилгоор орон сууцаа хураалгаж, эргээд орон сууц авч чадалгүй өдийг хүрсэн гэдгээ учирлаж байлаа. Яг ийм хэлбэрийн 40 гаруй өргөдөл нийслэлд ирээд байгаа юм байна.  Эдгээр иргэдийг хохиролгүй болгоход анхаарч, эрхзүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Засаг дарга хэллээ.

Түүнчлэн газрын маргаан шийдвэрлүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барьж байгаа асуудлыг зогсоох зэрэг захиргааны акт гаргахыг хүссэн иргэд ч хэд хэд байлаа. Эдгээр иргэдийн хүсэлтийг хянаж, нягтлан,  шаардлагтай үед  газар дээр нь очиж, ажил байдалтай нь танилцаж, хууль зөрчсөн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдсан асуудал байвал эрх зүйн хүрээнд шийдвэрлэнэ гэлээ. Мөн нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ санаачлага, Улаанбаатар хотод томоохон цогцолбор барих төсөл зэрэг шинэ санаануудаа  иргэд танилцуулсан юм. 

Нийслэлийн удирдлагатай уулзахаар ирсэн иргэдтэй нийслэлийн Засаг дарга нэг бүрчлэн уулзаж,  аливаа асуудлыг зөвхөн хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн юм.  Мөн  зарим өргөдөл,  гомдол, хүсэлтийг хариуцсан албан тушаалтнуудад өгч шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.