6 сарын 1-нд хүүхэд бүхэн баярлана

2013-05-13 00:00:00
"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"  буюу “Хүүхдийн баяр”-ыг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас энэ жилийн хүүхдийн баярыг “Дэлхийн байгаль орчны өдөр"-тэй хамтатган "Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй" уриан дор 5 сарын 05-наас 6 сарын 5 хүртэл нэг сарын аян зохион байгуулж,  тэмдэглэхээр боллоо. Аяны хүрээнд 5 сарын 15-ны өдөр "Бид шинэ зууны гэр бүлийнхэн" улсын зөвлөгөөн, хүндэтгэлийн үйл ажиллагааг Төрийн ордонд хийхээр төлөвлөсөн байна. Мөн уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн арга хэмжээг 11:00- 16:00 цаг хүртэл зохион байгуулна. Хүүхэд бүрт баярын нэгдсэн арга хэмжээг хүргэх үүднээс дүүрэг, хороо тус бүр өөрсдийн онцлогт тохируулан аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамтран өвөрмөц байдлаар хүүхдийн баярыг зохион байгуулах юм. Сарын аяны хаалт болгон 6 сарын 5-ний өдөр "Дэлхийн байгаль орчны өдөр"-өөр Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их хурлын дарга, Шадар сайд, нийслэлээс сонгогдсон УИХ-ийн гишүүд, нийслэлийн удирдлагууд, 100 хүүхдийн хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.