Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                             дугаар А/307                                             Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2, Газрын тухай хуулийн 34,  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсэг, 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоолын 3.8 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдтэй  хамтруулан газар олгож байсан буруу практикийг таслан зогсоох зорилгоор төрийн байгууллагатай хамтран газрын эрх авсан этгээдэд газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шилжүүлэх ажлыг дараах зарчмыг баримтлан зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
1.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны  5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллагатай хамтран газрын эрх авсан этгээдэд тэдгээрийн эзэмшилд олгосон газраас эзэмших хүсэлтэй газрынх нь хэмжээгээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын (хуучнаар) 2010 оны 206 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу дуудлага худалдааны анхны үнийг ногдуулан тодорхой хугацаа тогтоож төлүүлсний дараа дуудлага худалдааны анхны үнийг төлсөн газрынх нь хэмжээгээр газрын эрхийг олгож  газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах;
 
1.2. Энэ захирамж гарахаас өмнө төрийн байгууллагатай хамтруулан олгосон  газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан, газрын эрхийн дуудлага худалдааны анхны үнийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын (хуучнаар) 2010 оны 206 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тооцсон үнээр төлөөгүй, эсвэл уг аргачлалаас өөр үндэслэл, аргачлалын дагуу тооцсон үнээр төлсөн этгээдийн газрын гэрээ, гэрчилгээний үндэслэлийг дахин хянаж энэ захирамжийн 1.1 дэх хэсэгтэй нийцүүлэх арга хэмжээ авах; 
 
1.3. Төрийн байгууллагатай хамтруулан газрын эрх олгосон  этгээдэд захирамжийн 1.1 дэх  хэсэгт заасан гэрээг байгуулсны дараа тухайн газраас үлдэх газрыг төрийн өмчид бүртгэж, хамгаалалтад авах;                                      
 
1.4. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлсөн этгээдтэй  газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах ажлыг 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах;
 
Хоёр. Энэ захирамжийн дагуу шинэчлэн байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд  дараах нөхцөл, болзлыг  хууль тогтоомжид нийцүүлэн тусгахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
2.1. Газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дотор газар эзэмшигч, ашиглагч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой барилга, байгууламжийг барьж эхлэх, энэ хугацаанд газрын  эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрх эдлэхгүй байх;
 
2.2. Гэрээнд заасан 2 жилийн хугацаанд газар дээрээ барилга, байгууламж бариагүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газрын эрх дуусгавар болох;
 
2.3. Газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд газар эзэмшигч, ашиглагч өөрийн хөрөнгөөр газрыг чөлөөлж Засаг даргын мэдэлд шилжүүлэх, үүрэг хүлээх;
 
2.4. Газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээр төлөвлөсөн барилга, байгууламжаа зохих зөвшөөрлийн дагуу  барьж гэрээнд заасан нөхцөл, болзолыг биелүүлсэн тохиолдолд барилга байгууламжийн буюу тухайн газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн хийц, хэмжээ, чанар, оруулсан хөрөнгө оруулалт зэргийг харгалзан насжилтыг тогтоож гэрээний хугацааг үргэлжлүүлэн 15-60 жилээр сунгах;
 
Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн төсөвт төвлөрүүлэх газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн  орлогыг тодорхой дансанд төвлөрүүлэн хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.  
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                       Э.БАТ-ҮҮЛ