Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                         дугаар А/298                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг.Баярсконстракшн ХХК-д Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 50 дугаар сургуулийн зүүн талд үйлдвэрлэлийн зориулалтаар 4573 м2 газрыг нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд эзэмшүүлсэн байх тул нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 564 дүгээр захирамжийн Баярсконстракшн ХХК-д, хууль зөрчиж олгосон газрын эрхийг сунгасан нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 455 дугаар захирамж, газрын хэмжээг нэмэгдүүлж 4573 м2 болгосон нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжийн Баярсконстракшн ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ