Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                               дугаар А/294                                           Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 56 дугаар зүйлийн 56.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
           
Нэг. Иргэн Х.Батболдод Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын далангийн урд  орон сууцны зориулалтаар 900 м2 газрыг Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль зөрчиж дэд бүтцийн хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэхгүйгээр эзэмшүүлсэн, тухайн газрыг зориулалтын дагуу 13 жилийн турш ашиглаагүй байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/218 дугаар захирамжийн иргэн Х.Батболдод, уг хууль зөрчиж олгосон газрын эрхийг иргэн Н.Чимэдрэгзэнд шилжүүлж, баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн иргэн Н.Чимэдрэгзэнд, газрын зориулалтыг өөрчилсөн нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09–ний өдрийн 482 дугаар захирамжийн иргэн Н.Чимэдрэгзэнд холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
           
 Хоёр. Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ