Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                           дугаар А/290                                             Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Иргэн Ч.Хүнбишид Чингэлтэй дүүргийн 3 дугаар  хороо, Урт цагаан худалдааны төвийн хойд талд үйлчилгээний зориулалтаар 300м2 газрыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд,  хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий  болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл  шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 19–ний өдрийн 270 дугаар захирамжийн иргэн Ч.Хүнбишид, уг хууль зөрчиж олгосон газрын эрхийг баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 214 дүгээр захирамжийн иргэн Ч.Хүнбишид холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
           
           
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ