Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр              дугаар А/207                   Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
 Нэг. Номин трейд ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Худалдаа хөгжлийн банкны замын урд талд үйлчилгээний зориулалтаар 400 м2 газрыг нийслэлийн Засаг дарга нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд эзэмшүүлсэн байх тул нийслэлийн Засаг даргын 2002 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар захирамжийн Номин трейд ХХК-д, уг хууль зөрчиж олгосон газрын эрхийг Номин холдинг ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар захирамжийн Номин холдинг ХХК-д, газрын эрхийг иргэн Г.Баярсайханд шилжүүлсэн 2006 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар захирамжийн иргэн Г.Баярсайханд, газрын эрхийг Юнайтед бизнес ХХК-д шилжүүлсэн 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дүгээр захирамжийн Юнайтед бизнес ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ