Б.Ганболд: Авто тээврийн хэрэгслийн албан татвар бол хөрөнгийн татвар

2013-03-18 00:00:00
Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 1-нээс эхэлсэн. Энэхүү ажлын явц, болон  авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийн тухай зарим мэдээллийг нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболдоос тодрууллаа.

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил нийслэлийн Засаг даргын захирамж болон, Татварын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд  эхэлчихлээ. Тээврийн хэрэгслийн татвар хураах ажил хэдэн сар хүртэл үргэлжлэх вэ?

-Жил бүр авто тээврийн хэрэгслийн болон, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдийн хувьд 1 дүгээр сарын 20-оос эхлэн татвар хураалтын ажлыг эхлүүлдэг байсан бол энэ жил богино хугацаанд татварт хамруулах зорилгоор  гуравдугаар сарын нэгнээс эхлэж байгаа юм. Хуулийн дагуу 6 дугаар сарын 1-ний дотор тээврийн хэрэгслэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд татвараа төлөх учиртай. Тиймээс иргэдэд энэ нөхцөл боломжийг хангах үүднээс нийслэлийн 9 дүүргийн татварын нэг цэгийн үйлчилгээг түшиглэн татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулж байна. Мөн Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх гэсэн гурван оношлогооны төв, Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар зэрэг газруудад татвар, төлбөр хураалтын ажлыг зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд 16,5 тэрбум төгрөгийг замын санд хуримтлуулах учиртай юм.

Авто тээврийн хэрэгслийн албан татварын тухай зарим иргэд төдийлөн сайн ойлголтгүй байна л даа. Тухайлбал дугаарын хязгаарлалт хийж байгаатай холбогдуулан  би нэг өдөр машинаа унахгүй байгаа юм чинь татвараа дутуу төлж болно гэсэн эргэлзээ иргэдийн дунд байна. Та үүнд тодорхой тайлбар өгөөч?

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар бол хөрөнгийн татвар. Тодруулбал үл хөдлөх хөрөнгөтөй хүн татвараа төлдөг шиг, буу эзэмшиж байгаа хүн эзэмшилийнхээ татварыг төлдөг шиг тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаагийнхаа төлөө тэр иргэн татвараа төлөх ёстой  юм. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулинд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь татвар төлөгч байна гэж заасан. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч нь тухайн тээврийн хэрэгсэлээ ашиглаж байсан ч, ашиглаагүй байсан ч,  тээврийн хэрэгсэл нь засвартай байсан ч  татвараа бүрэн төлөх ёстой. Дахин хэлэхэд машин бол тухайн иргэний хөрөнгө учраас хөрөнгийхөө татварыг төлөх ёстой юм л даа. Энэ татвараас бүрдсэн орлого зөвхөн нийслэлийн Авто замын санд төвлөрч нийслэлийн зам засвар, арчлалтад зарцуулагддаг.  Авто тээврийн хэрэгслийн албан татвар бол зам ашигласныхаа төлөө төлж байгаа татвар биш.  Харин  22-ын товчоо болон, зарим нэвтрүүлэн өнгөрөх товчоогоор гарахад 500 төгрөгийн хураамж авдаг. Энэ хураамж бол тэр замыг ашигласныхаа төлөө өгч байгаа төлбөр юм. Үүнийг иргэд маш сайн ялгаж ойлгох хэрэгтэй.

Тэгвэл агаарын бохирдлын төлбөрийг ямар зохицуулалтаар авдаг юм бэ?

Б.Ганболд: Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу энэхүү төлбөрийг тогтоодог. Тухайлбал дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд багтаамжаар нь тодорхойлсон байдаг. Багтаамжийн их багаас шалтгаалан 1800-9500 төгрөгийн төлбөр төлнө. Дизель хөдөлгүүртэй авто тээврийн хэрэгсэл бол заавал оношлогоонд орох шаардлагагүйгээр татварын нэг цэгийн үйлчилгээнд очин, агаарын бохирдлын төлбөр, авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Харин бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд бол заавал оношлогоонд орох учиртай. Яагаад гэвэл тухайн тээврийн хэрэгслийн агаар бохирдуулж байгаа хувь хэмжээг тогтоодог юм. Тэгээд А, В, С, D гэсэн ангиллаар төлбөрийг ялгавартай тогтоодог. Хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл оношлогоогоор ороод агаар бохирдуулах нь тогтоосон хувь хэмжээнээс бага бол төлбөрөөс чөлөөлдөг. Мөн тухайн тээврийн хэрэгсэл шинэ, эсвэл үйлдвэрлэсэн он нь сүүлийн дөрвөн жилийн дотор бол төлбөрөөс чөлөөлдөг. Агаарын бохирдлын төлбөр шууд улсын төсвийн агаарын бохирдлын санд төвлөрч, эргээд агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулагддаг.