Лагийг исгэж хий гаргах үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай

2013-03-14 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ  Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламж хоногт 165.000-170.000 куб метр ус хүлээн авч цэвэрлэгээ хийдэг байна. Дээрх цэвэрлэсэн уснаас хоногт 500-600м куб лаг гардаг. Үүнийг нийт 15 га талбай бүхий 44 картанд ээлжлэн ил аргаар хатаадаг юм байна. Ингэж хатаах нь орчны агаар, хөрсийг бохирдуулах гол нөхцөл болж байна. Цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг ОХУ болон Европийн улсууд исгэх аргаар метаны хий буюу бидний хэрэглэдэг ахуйн хэрэглээний хий гаргаж авдаг. Төв цэвэрлэх байгууламжийг анх ашиглалтад оруулсан ЗХУ-ын мэргэжилтнүүд лагийг исгэж  метаны хий гаргаж авах үйлдвэр барьж байсан ч зураг төсөл нь дутуу хийгдсэн гээд орхисон байна. Барьж байсан үйлдвэр нь ч балгас болжээ. 2009 онд лаг өтгөрүүлэх, усгүйжүүлэх үйлдвэр ашиглалтад оруулж цэвэрлэх байгууламжаас гарах лагийн хэмжээ 5-7 дахин буурсан ч лаг гүйцэд боловсруулах технологи байхгүйгээс орчны бохирдол хэвээрээ аж. Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, лаг цэвэрлэх төхөөрөмжүүдийн цахилгааны зарцуулалт сардаа 160-170 сая төгрөг. Хэрэв лагаа исгээд метаны хий гаргаад гаргасан хийгээрээ цахилгаанаа гаргавал энэ зардал 30-40 хувь буурах юм. Лагийг исгэж, хий гаргах үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохирдолтой усыг цэвэршүүлэх горим алдагдаж ус цэвэршүүлэх төвшин 70-80 хувь буурчээ. Шалтгаан нь "Харгиа" болон арьс шир, ноос ноолуурын үйлдвэрээс ирж байгаа бохирдолтой ус гэнэ. "Харгиа" урьдчилан цэвэрлэх байгууламж руу  арьс ширний 26 үйлдвэр бохир ус нийлүүлдэг.  "Харгиа" урьдчилан цэвэрлэх байгууламжаас төв цэвэрлэх байгууламж руу бохир ус дамжуулдаг 10 километрийн урттай хоолой руу зарим арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд ямар ч хяналтгүйгээр бохир усаа нийлүүлдэг байж болох талтай гэдгийг албаны хүн хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.