“Тохилог амины орон сууц” үзэсгэлэн 6 сар хүртэл үргэлжилнэ

2013-03-12 00:00:00
Нийслэлийн иргэдэд  эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай, цэвэр, бохир усны шугамд холбогдсон хямд, тохилог амины орон сууцыг санал болгох зорилгоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт, тохилог амины орон сууц” үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан билээ. Энэхүү үзэсгэлэн өнгөрсөн оны 11 сард  Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, үзэсгэлэнд Ногоон газар”, “Люксвүүд хаус”, “Экологийн дулаан хаус”, “Эс Ай Пи Эс Монголия”, “Изо хаус”, “Монгейт” зэрэг 13 компанийн 18 тохилог амины орон сууц хамрагдсан юм. Америк, Канад загварын барихад хялбар, дулаан алдагдал багатай, хямд үнэтэй, тохилог орон сууцыг нийслэлийн иргэдэд санал болгож, улмаар урт хугацаатай, хүүгийн хөнгөлттэй зээлд хамруулах ажлыг судлан, хэрэгжүүлэх чиглэлээр зохиогдсон энэхүү үзэсгэлэнг энэ оны гурван сар хүртэл явуулахаар төлөвлөж байсан ч өнгөрсөн хугацаанд нийтдээ 140 гаруй иргэн тохилог амины орон сууц үзэсгэлэнгийн байшингаас худалдан авах, бариулах захиалгаа өгсөн байна. Тиймээс иргэдийн эрэлт, хэрэгцээ, үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжийн хүсэлтийг харгалзан энэхүү үзэсгэлэнг дахин гурван сар сунган үргэлжлүүлэхээр нийслэлийн удирдлагаас шийдвэрлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.