Улаанбаатарын хөгжилд сурсан эрдэм, авъяасаа харамгүй зориулахаа тангараглав

2013-03-12 00:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам” –ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Төрийн албаны Зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү нар оролцсон бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 273 иргэн  төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулинд  “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заасан байдаг.Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх энэ үйл ажиллагаа нь нэг ёсондоо төрдөө андгай тангараг өргөж, амлалт өгч хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм. Эндээс л та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллах нь чухал гэдгийг алхам тутамдаа мөрдлөг болгох ёстой. Та бүхнийг төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчлан, идэвх санаачлагатай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэж онцоллоо. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийт албан хаагчдыг төлөөлөн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Үнэнбат  “ Эх орон, ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг, чанд сахиж, албан үүргээ, үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая.Тангаргаа няцвал, хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангаргаа дуудсан юм. Үүний дараа төрийн жинхэнэ албан хаагчид Монгол Улсын төрийн далбаанд ёслон хүндэтгэл үзүүлсэн юм. Харин ёслолын ажиллгааг хааж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нийт албан хаагчдад хандан “Төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа та бүхэнд баяр хүргэе. Төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллаарай” гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.