Хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тухай сургалт зохион байгууллаа

2013-03-05 00:00:00

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас /ЖАЙКА/ Монгол Улсын Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газраас тус төслийн багтай хамтран “Хотыг дахин  хөгжүүлэх  үйл ажиллагааны тухай үндсэн ойлголт” сэдвээр 2013 оны 02 дугаар сарын 26-нд  сургалт зохион байгууллаа.  Сургалтаар хотыг дахин төлөвлөхөд иргэдийн оролцоог хангаж нийтийн эрх ашгийг эрхэмлэсэн байх зарчим дээр тулгуурлан хийгдэх нь чухал бөгөөд газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид газраасаа хувь нийлүүлж амьдрах орчин нөхцлөө сайжруулах, аймаг нийслэлийн Засаг дарга нар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэд,  төсөл хэрэгжүүлэгч нарын 3 талт гэрээ байгуулсны үндсэн дээр төслийг хэрэгжүүлэх боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Төсөл хэрэгжүүлсний дараа иргэд амины орон сууц буюу нийтийн орон сууцанд амьдрах сонголттой бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлагчид нь шинэ орон сууцанд амьдрах бололцоогоор хангагдах, эрхээ худалдах эрхтэй болохыг  танилцуулав. Төсөл хэрэгжүүлэгч талаас хувь нийлүүлсэн талбай болон илүү орон сууцыг зарж борлуулсан орлогоо төслийн зардалд ашиглах боломжтой ажээ. Мөн түүнчлэн сургалтаар, хотыг дөхин төлөвлөх үед болон төсөл хэрэгжих үеэр иргэд, төсөл хэрэгжүүлэгч, хууль эрх зүйн хяналт тавьж ажиллах төрийн байгууллага (Гэр хорооллын хөгжлийн газар) хоорондын эрх зүйн нарийн зохицуулалт чухал болохыг онцлов гэж Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.