Улаанбаатар хотын эрх мэдэл иргэддээ ирнэ

2013-02-28 00:00:00

Юуны өмнө 1000 дахь дугаараа эрхлэн гаргаж байгаа танай сонины хамт олонд баяр хүргэж, оюуны нөр их хөдөлмөрт амжилт хүсье.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэмээх айл бол нийслэлийн иргэдийн сонгож илгээсэн төлөөллөөс бүрдсэн, иргэдээ төлөөлж шийдвэр гаргадаг байгууллага. Бид нийслэлийн иргэдийн өгсөн үүрэг ёсоор гэр хорооллоо хөгжүүлэх, газрын наймаа, авлигын сүлжээг таслан зогсоох, замбараагүй барилгажилтыг цэгцлэх, хотын хөгжлийг шинэ төвшинд гаргах шинэчлэлийн томоохон бодлого, үйл ажиллагаануудыг дэс дараатай хэрэгжүүлж байна.

НИТХ-аас авахуулаад нийслэлийн захиргааны байгууллагууд үйл ажиллагааг нээлттэй ил тод байж чадвал иргэний төрөөс авах үйлчилгээний чанар сайжирч,  иргэд сонгож байгуулсан төрөө бүрэн хянаж чадна. Иргэд төрөө хянахад чөлөөт хэвлэлийн үүрэг онцгой их юм. Улаанбаатар хотын шинэчлэлийн баг нийслэлийнхээ иргэдэд алдагдсан эрхийг нь эргүүлэн өгөх болно. Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрийг танай сонины хамт олон цаг алдалгүй шуурхай мэдээлж, олон түмэнд түгээж байдагт 1000 дахь дугаараа өлгийдөн авч буй баярын өдөр талархал илэрхийлье.

“Нийслэл таймс” сонины залуу, эрч хүчтэй хамт олон мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэж, мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэсэн мэдээ мэдээллээр уншигчдынхаа оюуны хэрэгцээг олон жил хангана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Улаанбаатараа хот шиг хот болгон хөгжүүлэх, нийслэлийнхээ иргэдэд алдагдсан эрх мэдлийг эргүүлэн өгөх бидний зорилго нэг билээ. 1000 дахь дугаарын баяраа тэмдэглэж байгаа танай сонины хамт олон ажлын амжилт, эрүүл энхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Нийслэл хотоо хөгжүүлэх үйлсэд хамтдаа зүтгэцгээе.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга                Д.БАТТУЛГА