Баярын мэндчилгээ

2013-02-28 00:00:00

Цаг хугацаатай уралдан ажиллаж хөдөлмөрлөснийхөө үр шимээр 1000 дахь дугаараа өлгийдөн авч байгаа “Нийслэл таймс” сонины хамт олонд баярын мэнд дэвшүүлье. 

Танай сонины 1000 дахь дугаарын баяр Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэний түүхт 100 жилийн ойн торгон бөгөөд түүхэн цаг хугацаатай давхцаж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн байр суурийг хэдийнэ олсон “Нийслэл таймс” сонин нийслэлийн нэрийн хуудас болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй. Ингэж хэлэхийн учир гэвэл, Монгол Улсын нийт хүн амын бараг тэн хагас нь амьдарч байгаа нийслэлийн иргэдийг өглөө бүр шинэ мэдээ мэдээллээр хангаж, Нийслэл хотоо хөгжүүлэх шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд тасралгүй, мэргэжлийн өндөр төвшинд хүргэж байгаа танай сонины хуудас бүр бидний ажилд урам өгч,  хөгжих замд ташуур болж байгаа нь дамжиггүй. 

Би нийслэлийн Засаг даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан НИТХ-аар батлуулж, энэхүү үйл ажиллагаандаа төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, авлига хүнд сурталгүй болгох шинэчлэлийн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд иргэддээ үйлчлэх үндсэн үүргээ биелүүлж, Улаанбаатар хотынхоо хөгжилд хоноцын биш эзний сэтгэлээр ханддаг байх ёстой. Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр болгоныг иргэд чөлөөтэй хардаг, хянадаг, олон нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэрийг нийслэлийнхээ иргэдээс асууж гаргадаг нээлттэй тогтолцоог нэвтрүүллээ. Цаашид чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг дээдэлж, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах болно гэдгээ Та бүхний 1000 дахь дугаарын баярын өдөр илэрхийлье. Нийслэл Улаанбаатараа дэлхийн хүн төрөлхтний хамгийн том баяр Олимпийн наадмыг зохион байгуулахуйц орчин үеийн хөгжилтэй хот болгон хөгжүүлцгээе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч                 Э.БАТ-ҮҮЛ