Дүүргүүдийн эрүүл, аюулгүй байдлын индексийг тогтоож, үзүүлэлтийг нь сайжруулна

2013-02-28 00:00:00

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Эрүүл аюулгүй байдлын индекс тооцоолох аргачлалыг боловсруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын Газраас дүүрэг бүрт сургагч багш бэлтгэх  сургалт  зохион байгууллаа. Уг сургалтанд хамрагдсан дүүргүүдийн төлөөллийн сургагч багш нар эрүүл, аюулгүй байдлын индексийг хэрхэн тогтоож, үзүүлэлтээ  сайжруулахын тулд юун дээр анхааран ажиллах талаар  хорооны засаг дарга нарт зааж сургах юм. Харин дүүрэг, хороодын Засаг дарга нар нэгдсэн мэдээлэлтэй болсны дараа  дүүргүүдийн эрүүл, аюулгүй байдлын түвшинг тогтоож, үзүүлэлтээ сайжруулах ажлуудыг шат дараатайгаар хийнэ. Дүүргүүдийн Эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын Эрүүл мэндийн газар, бусад орнуудын жишгээр боловсруулсан  68 үзүүлэлтийн дагуу тогтоох бөгөөд  цэцэрлэг, сургуулийн гадна, дотор орчны эрүүл, аюулгүй байдал хэрхэн хангагдсан, гудамж талбайд эрүүл орчныг бүрдүүлсэн байх зэрэг шалгуурууд байх юм. Энэ индексийг дүүрэг бүр дээр хангаж ажилласнаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.