Б.Бадрал : Хотын үзэмж, аюулгүй байдлыг хангасан рекламны самбартай болно

2013-02-27 00:00:00

 Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг хэлэлцэн баталсан. Журмын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас тодруулга авлаа.

-Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг хэлэлцэн баталлаа. Энэхүү журам хэрэгжиж эхлэснээр нийслэл хотын реклам, сурталчилгааны самбарууд хэр цэгцрэх бол оо?

-Энэ журам нь нийслэл хотын өнгө үзэмж болон иргэдийн аюулгүй байдалд анхаарсан ач холбогдолтой журам болж чадсан. Учир нь  нийслэлээс явуулж буй  ажлын бодлогын чиг үүргийг нийслэлийн 9 дүүрэгт ижил тэгш хэмжээгээр хүргэнэ гэж заасан байгаа нь дүүргүүдэд  тодорхой эрх мэдлийг өгч байна. Ингэснээр өөрийн дүүргийн асуудлыг илүүтэйгээр мэдэх дүүргийн удирдлагууд харъяа нутаг дэвсгэр дээрх реклам, сурталчилгааны самбарын асуудлыг  шийдвэрлэж цэгцлэх боломжтой болж байгаа юм.  Харин Захирагчийн ажлын албанаас ямар норм стандартын дагуу байх, хэдэн реклам самбар байх вэ гэдэг ерөнхий бодлогын чиг үүргийг  өгч,  дүүргүүд нь гардан хэрэгжүүлэх юм. Ингэхээр журамд тусгасны дагуу зөвшөөрөгдсөн байршлуудад самбар байрлуулах хүсэлтэй иргэд  тухайн дүүрэгт хандана гэсэн үг. Тэд хугацааг сунгах, төлбөр хийх зэрэг асуудлыг шийдвэрлээд явах юм. Мөн журмын дагуу дүүрэг бүр дээр ажлын хэсэг байгуулагдаж реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцэлнэ. Ингээд ажил явагдаад эхлэхээр  Улаанбаатар хот замбараатай  өнгө үзэмжтэй, хамгийн гол нь тээврийн болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан реклам, сурталчилгааны самбаруудтай болох юм. Шат дараатай хийгдэх энэ ажил нь ямар нэгэн аян биш, кампанит ажил ч биш харин тогтсон  тогтолцоотой болох журамлагдсан ажил. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон  Замын цагдаагийн газраас өнгөрсөн онд бичиг ирүүлж, зөвлөмж хүргүүлж байсан юм. Харин  2 сарын хугацаанд аутидын газар шалгалт хийсний дагуу журманд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон.

-Эхний ээлжинд  ямар реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцлэх вэ?

-Ерөнхийдөө нийт реклам, сурталчилгааны самбаруудыг мэдээллийн байгууламж, сурталчилгааны байгууламж гэж 2 ангилах юм. Одоогоор манайд мэдээллийн байгууламж гэж байхгүй байгаа  шүү дээ. Бүгд л хулдаасан дээр хэвлэгдсэн стандарт бус рекламны самбарууд байна. Тиймээс энэ гуравдугаар сарын нэгнээс эхлэн цагаан бүс буюу  Их тойрог, Энх тайвны гудамж, Чингисийн өргөн чөлөө болон Яармагаас цааш наадамчны зам хүртэлх реклам, зар сурталчилгааны самбаруудыг буулгаж түлхүү мэдээллийн байгууламж бий болгоно. Мэдээллийн байгууламж гэдэг нь хаяг байршил заасан байдаг ч  юмуу, иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг агуулсан тийм л самбарууд юм. Дээрээс нь журмыг үндэслээд  дүүрэг бүр өөрсдийн цагаан бүсээ тодорхойлж, үүний дагуу дүүргүүд  ажиллаж зөвхөн цагаан бүсэд хамаарагдсан гэлтгүй стандарт бус 1000 гаруй самбаруудыг цэгцэлнэ. Энэ ажил нь ирэх 4-р сард манай улсад болох Ардчилсан орнуудын томоохон хэмжээний чуулга уулзалтын өмнө дууссан байхаар бид тооцоолж байна.

-Журамд заасны дагуу реклам, сурталчилгааны самбаруудын тоог цөөлж, үнийг нь нэмж байгаа нь нийслэл бизнес эрхлэгчдээ гадуурхаж байна гэж шүүмжлэх хүмүүс байна. Мөн дүүргүүдэд эрх мэдлийг нь өгчихөөр төвлөрсөн мөнгийг халаас руугаа хийх нь гэж хардах нэгэн ч байна л даа. Журмын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих юм бэ?

-Бид харин ч энэ журмаар дэмжих тал дээр нь анхаарч байна шүү дээ. Нэгдүгээрт өнгө үзэмжээ сайжруулъя. Хоёрдугаарт иргэдэд  дүүргүүдийн хаана, хаана самбар байршуулах боломжтой байна вэ гэдэг чинь нээлттэй болж, сонгоод авах боломжтой боллоо. Үнийн хувьд аль 2006 оноос хойш мөрдөгдсөн журмын дагуу явж ирсэн учраас одоогийн  инфляцитай уялдуулан өөрчилсөн. Харин хяналтын хувьд хотын Ерөнхий менежерийн дэргэдэх зөвлөл хянаж, журам зөрчин ажиллавал уг журмын 9.4-т заасны дагуу зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм. Хамгийн гол нь энэ журмын дагуу шат дараатайгаар ажил үргэлжилж, эмх цэгцэнд нь оруулна гэдгийг ойлгох хэрэгтэй.