НИЙСЛЭЛИЙН ХОГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

2013-02-22 00:00:00

Хог хаягдлын тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн батлагдсан бөгөөд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх журам батлах”, 8.1.5-д “хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах журмыг батлах”, 8.4.2-д Дүүргийн Засаг дарга “энэ хуулийн 8.1.5-д заасан журмын дагуу хог хаягдал, цуглуулах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах”, 8.4.3-д “энэ хуулийн 8.4.2-т заасны дагуу сонгон шалгаруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих” гэж тус тус заасан байдаг.

Дээрх хуульд заасны дагуу “Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, хогны хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-ыг 2013 оны 2-р сарын 08-ны өдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 14-р тогтоолоор баталлаа.

Тус журам нь тухайн дүүргийн хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, хог цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг санхүүжүүлэх, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэх харилцааг зохицуулах юм.

Дүүрэг бүр харьяа хэд хэдэн хороодыг нэгтгэж бүсүүдэд хуваах ба нэг бүсэд нэг тээвэрлэгч байхаар сонгон шалгаруулалтыг дүүргийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сонгон шалгаруулна. Шалгарсан этгээдтэй дүүргийн Засаг дарга гэрээ байгуулах ба сар бүр хог цуглуулж, тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилтыг олгох бөгөөд санхүүжилтийг олгохдоо тухайн бүс хог хаягдалгүй байх гэсэн үндсэн шалгуурыг тавих юм.

Хог хаягдлын тухай хуульд заасаны дагуу хогны үйлчилгээний хураамжийг дүүргийн татварын хэлтсээр дамжуулан дүүргийн төсөвт төвлрүүлэх бгөөд дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн хяналтан дор хог цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг санхүүжүүлэхээр тус журамд тусгаад байна.

Энэхүү журмыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс дүүргүүдийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга, асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалтыг 2-р сарын 20-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү журам нь 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд хог тээвэрлэгч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүд дүүргүүдийн ЗДТГ-т хүсэлтээ гаргаж сонгон шалгаруулалтад идэхтэй оролцохыг уриалж байна.

ТОХИЖИЛТ, ХОГ ХАЯГДЛЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС