Байгаль орчны нөлөөллийг тогтоосны дараа газар олголтыг шийдэхээр тогтов

2013-02-22 00:00:00

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 2 дугаар сар 21-нд болж хуралдаанаар дулааны 5 дугаар цахилгаан станцын газрыг чөлөөлүүлэх тухай, зөвшөөрлийн зөрчилтэй болон зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын талаар авах арга хэмжээний тухай, нийслэл, дүүргийн Засаг дарга нарын зарим захирамжуудыг хүчингүй болгох тухай, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Байгаль орчны нөлөөллийг тогтоосны дараа газар олголтыг шийдэхээр тогтов

Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станцыг барих газрын байршлын талаархи товч танилцуулгыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц барих газрын байршил, хэмжээг сонгосон бөгөөд энэ газар нь Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр “Ургах наран” хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газар юм. Энэхүү газрыг дулааны цахилгаан станц барих зориулалтаар Эрчим хүчний яамд газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаж баталгаажуулах учиртай.

Энэ байршилд өмнө нь “Льюкс Нью Проперти Солюшн” ХХК газар эзэмшиж байсан бөгөөд тухайн компанийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 729 дугаар захирамжаар хүчингүй болгожээ. Мөн энэ байршлыг Улаанбаатар хотын ундны усны ус тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд багтаж байгаа, болон Улсын дархан цаазат Богдхаан уулын ойролцоо байгаа тул төсөл хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж Засгийн газрын дээрх тогтоолд тусгасан байна.

Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудалтай танилцаад, НИТХ-ын 2012 оны 9 дүгээр сард гарсан тогтоолоор ундны усны эх үүсвэрийн тэжээлийн мужид газар олгохыг хориглосон. Тиймээс энэ газарт дулааны цахилгаан станц барих зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо эхлээд холбогдох газруудаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хийлгэж, тэрхүү үнэлгээг үндэслэн газар эзэмшүүлэх эсэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Барилгажилт, хот байгуулалтын нийтлэг журам боловсруулна

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж газрын зөвшөөрөлтэй ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй мөн улсын комисс хүлээж аваагүй барилгын тухай Удирдлагын зөвлөлийн гишүүдэд мэдээллээ.  НИТХ-ын тогтоол, Засаг даргын 2012 оны А 557 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа зөвшөөрлийн зөрчилтэй болон зөвшөөрөлгүй баригдаж байгаа байгаа барилгуудад шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн шалгалтаар зөрчилтэй болон, огт зөвшөөрөлгүй нийтдээ 93 барилга байгааг тогтоосон байна. Үүнээс Удирдлагын зөвлөлийн хуралдаанд  43 барилгыг Ерөнхий архитектор танилцуулсан юм. Эдгээр барилгуудын 41 нь батлагдсан зураг төсөлгүй, техникийн нөхцөлгүй, дулаан, цэвэр бохир усны техникийн нөхцөлгүй, магадлалын ерөнхий дүгнэлт байхгүй зэрэг дутагдалтай байгаа бөгөөд харин "Авзага трейд", “Тэмүүлэнбаатар” компаниудын орон сууцны барилгууд нь газар эзэмших, барилга барих ямар ч зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлжээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, зөрчилтэй 41 барилгын эздэд зөрчлөө арилгах хугацаа өгч, зөрчлүүдээ арилгасан тохиолдолд барилгаа үргэлжлүүлэн барих зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзсэн юм. Ингэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу барьсан барилгуудад л үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох хатуу зарчим баримтална. Огт зөвшөөрөлгүйгээр барилга барьсан "Авзага трейд" ХХК орон сууцны барилга, “Тэмүүлэнбаатар” компанийн барилгуудыг татан буулгаж, газрыг төр мэдэлдээ буцаан авах ёстой гэж үзэн, энэ асуудлыг зохих хуулийн дагуу  зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн зөвшөөрөлгүй болон, зөрчилтэй барилгуудын тоог дахин нэмэгдүүлэхгүй байх талаар шат шатандаа анхаарч ажиллахаас гадна, Улаанбаатар хотын газар олголт, барилгажилт хот байгуулалтын асуудлыг зохицуулах нийтлэг журмыг ойрын хугацаанд боловсруулж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулах нь хэрэгтэй гэсэн НИТХ-ын дарга Д.Баттулгын саналыг Удирдлагын зөвлөлийн гишүүд  дэмжлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

\Эдгээр зөвшөөрлийн зөрчилтэй болон, зөвшөөрөлгүй барилгын жагсаалтыг холбоотой файл хэсгээс дэлгэрэнгүй харж болно\