Журам батлах тухай

2013-02-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.3 дахь заалт, Сангийн сайдын 2007 оны 11,  Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2011 оны 153/267 дугаар тушаалуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Соёлын төв өргөөний хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үр дүнгийн гэрээнд заасан бүтээгдэхүүн нийлүүлэх явцдаа төлбөртэй ажил, үйлчилгээ гүйцэтгэж олсон орлого /хөдөлмөрийн хуулиар тогтоосон баяр, амралтын өдрүүдэд олсон     орлого/-ыг нэмэлт орлого гэж тооцсугай.  

2.Соёлын төв өргөөний үйл ажиллагааны “Нэмэлт орлогыг зарцуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

3.“Нэмэлт орлогыг зарцуулах журам”-ын хэрэгжилтийг хангаж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу тооцож, тайлагнахыг Соёлын төв өргөөний захирал Б.Байгалмаад даалгасугай.

4.Соёлын төв өргөөний үйл ажиллагааны нэмэлт орлогын зарцуулалт, тооцоололт, тайлагналтад  хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ