“Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал” батлах тухай

2013-01-02 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны  359 дүгээр  тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн нийгэм, эдийн засгийн жил бүрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх талаар дүүрэг, хороодод хийж буй ажлыг дүгнэх, урамшуулах зорилгоор “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ыг нэгдүгээр, шалгуур үзүүлэлтийг хоёрдугаар   хавсралтаар тус тус баталсугай.

2. Эрүүл аюулгүй байдлын индексийг аргачлалын дагуу дүүрэг, хороо бүрээр тооцож түвшин тогтоох, үүнд зориулагдсан сургалт зохион байгуулахад  шаардагдах   239.467.750 / Хоёр зуун гучин есөн сая дөрвөн зуун жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг 2013 оны төсөвт батлагдсан нийслэлийн дүүрэг, хороодын эрүүл аюулгүй байдлын индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх зардлаас холбогдох журам гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

3. Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг хэрэгжүүлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган, үйл ажиллагааны үнэлгээг нэгтгэн дүгнэж урамшуулал олгох журмын дагуу саналаа удирдлагын зөвлөлд танилцуулахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

4. “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн   жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн  улсын төсөвт тусгах,  бусад  хөтөлбөр, төслүүдтэй уялдуулан зохицуулах, санхүүжилтийг тогтмолжуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн  Засаг  даргын Тамгийн газрын дарга,  дүүргийн Засаг дарга  нарт үүрэг болгосугай.  

5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ