Багахангай дахь Мах боловсруулах үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2012-12-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэл,  Багахангай дахь  Мах боловсруулах үйлдвэрийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

            Нэг ”Багахангай” НӨҮГ-ын Сонгинохайрхан дүүрэг дэх  хөргөлттэй зооринд хадгалагдаж байгаа махны чанарыг тогтоож, нийслэлийн иргэдэд  худалдан,  борлуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг   хавсралтаар баталсугай.

            Хоёр.  Улаанбаатар  хотын  Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгах  нь:

            1.Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  53 дугаар тогтоолоор  нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулсан  нөөцийн махнаас илүү бэлтгэн  хадгалагдаж байгаа хонь,  үхрийн  234.1  тонн  махыг  Үйлдвэр,  хөдөө аж ахуйн яамтай зөвшилцөн шинэ жил, цагаан сар угтаж  агуулах чөлөөлөх болон  бага орлоготой өрхийг дэмжих зорилго бүхий өргөтгөсөн худалдааг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс  зохион байгуулах.

            2.Дээрх махны үнийг  “Мах худалдан авах, нийслэлд  жижиглэн худалдаалах үнэ тогтоох комисс”-ын хуралдаанаар  дахин хэлэлцүүлж,   шинэчлэн  тогтоож бөөнөөр болон жижиглэн худалдаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

            Гурав.  Монгол Улсын  Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолоор бэлтгэсэн  махны төсвийн зээлийн тооцоог Булган, Өвөрхангай, Баянхонгор аймаг, Багахангайн Мах боловсруулах үйлдвэртэй хийж, гэрээг дүгнэхийг Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-нд, холбогдох хууль журмын дагуу төсвийн зээл төлөлтөд хяналт тавьж,   Сангийн яамтай тооцоо нийлж асуудлыг  шийдвэрлүүлэхийг Нийслэлийн  Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай.

            Дөрөв. Багахангай дахь  Мах боловсруулах  үйлдвэр нийслэлийн хүн амын хэрэгцээнд мах бэлтгүүлэхээр нэр бүхий 7 иргэнтэй 2012 оны 7 дугаар сард байгуулсан гэрээг судалж,  хууль хяналтын байгууллагаар  шалгуулахыг Тамгын газрын Хууль зүйн хэлтэс /О.Машбат/-т хариуцуулсугай.

            Тав. Үйлдвэрийн бизнес төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхийг Багахангай дахь Мах боловсруулах үйлдвэр /П.Цогтбаатар/-т  үүрэг болгосугай.

            Зургаа. Захирамжийн биелэлтийн явцыг эрчимжүүлж,  хяналт тавьж  ажиллахыг  нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч /Н.Батаа/-д даалгасугай .

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР                                                

ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ