Сувилахуйн сургуультай хамтран сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

2017-03-27 10:53:59

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар нар “Сувилахуйн цогц чадамж II” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд НЭМГ-ын харьяа байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд эрүүл мэндийн салбарын сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. Сүүлийн жилүүдэд олон улсын сувилахуйн талаарх ойлголт, чиг хандлага нэлээд өөрчлөгдөж, анагаахын томоохон шинжлэх ухаан болон өргөжиж, шинэлэг санаа хийгээд  онол арга зүйгээр баяжигдан хөгжсөөр байна. Шинжлэх ухааны үндэстэй, нотолгоонд тулгуурласан, үйлчлүүлэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, сувилагч болон эмнэлгийн тусгай мэргэжилтний бие даасан сэтгэлгээг хөгжүүлэх, өөрсдийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, сувилахуйн онол, дадлагын мэдлэгийг дээшлүүлэхэд НЭМГ-аас анхааран олон талт ажил зохион байгуулж буйн нэг нь энэхүү үйл ажиллагаа юм.

“Сувилахуйн цогц чадамж II” хөтөлбөрийн хүрээнд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний анхан шатны бичиг баримтын хөтлөлт, холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайруулахаар зорьжээ. Тухайлбал, энэхүү сургалтаар дамжуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450, 2014 оны 186 болон 187, 2015 оны 497 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний халдвараас сэргийлэх талаархи мэдлэгийг сайжруулах, ёс зүй болон харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилготой юм байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.