Хөрөнгө гаргах тухай

2010-01-14 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Өнгөрсөн 2009 онд нийслэл хот орчимд зуншлага тааруу байснаас хадлангийн ургац муу гарч, малтай иргэдийн зарим нь эдийн засгийн хямрал, хөрөнгө мөнгөний гачигдлын улмаас өвс тэжээл бэлтгэж чадаагүйгээс өвөлжилт хүндэрч, мал их хэмжээгээр хорогдож байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэр дэх малтай иргэдийг өвс, тэжээлээр хангахад шаардагдах 50000000 /Тавин сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Өвөлжилтийн байдал хүндэрсэн дүүргийн судалгааг гарган, өвс тэжээл авах, малчдад хүргэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, Хөдөө аж ахуйн газар /О.Зоригт/,дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

     Гурав. Хүйтний эрч эрс чангарч байгаа болон болзошгүй онц аюултай үзэгдлийн талаарх мэдээлэл, авч хэрэгжүүлж буй ажлыг цаг алдалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд даалгасугай.

    Дөрөв. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, холбогдох мэдээллийг нэгтгэн танилцуулж  ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер  бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат-д үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР