Төсвийн санхүүжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай

2010-01-14 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13, 12 дугаар зүйлийн 12.1.6, 51 дүгээр зүйлийн 51.1.8, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 187 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ

     Нэг. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн дагуу салбарын төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулан санхүүжүүлж байгаа Нийслэлийн Засаг даргаас Засгийн газарт нийлүүлэх бүтээгдэхүүний өртөг салбарын санхүүжилтийг хуваарилах, санхүүжүүлэх, тайлан гаргах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбилэг/-т даалгасугай.

     Хоёр. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах дүүргүүдийн Засаг дарга нарын Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, төсөвт байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын дарга нарын Үр дүнгийн гэрээг байгуулах, дүгнэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай.

     Гурав. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн "Эрх шилжүүлэх тухай" 335 дугаар захирамжийн 1, 2, 3, 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР