Нийслэлийн 2009 оны төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийн эрх шилжүүлэх тухай

2010-01-12 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн херенгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2009 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 4/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

      Нэг. Нийслэлийн 2009 оны төсвийн хөрөнгөөр он дамжин санхүүжих нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын доторхи зам талбайн тохижилт, гэрэлтүүлгийн ажлын 335,7 /гурван зуун гучин таван сая долоон зуу/ сая төгрөгийн ажлын санхүүжилтийн эрхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригг шилжүүлсүгэй.

     Хоёр. Хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР