Нийслэлийн 2009 оны төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын эрх шилжүүлэх тухай

2010-01-18 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2009 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 4/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн 2009 оны төсвийн хөрөнгөөр он дамжин санхүүжих Иргэний бүртгэлийн Улаанбаатар цахим хөтөлбөр хэрэгжүүлэх 300,0 /гурван зуун/ сая төгрөгийн ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд-д шилжүүлж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2010 оны 2 дугаар сарын 1-ний дотор зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэхээр зохион байгуулан, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбилэг/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/, хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай. 

     Гурав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР