Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай

2010-08-27 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 (д), 29.1.6 (л), 29.2 дугаар заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Шинээр ашиглалтанд орж буй орон сууцны хорооллуудын инженерийн шугам сүлжээ, дундын эзэмшлийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж буй хувийн хэвшлийн орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоодын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулах, цаашид Нийслэлийн төр захиргааны байгууллагаас баримтлах бодлогын төслийг боловсруулан Нийслэлийн Засаг даргын зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн холбогдох шийдвэр гаргуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батад даалгасугай.

     Хоёр. Нийслэл Улаанбаатар хотод улс, нийслэл болон олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн, хэрэгжиж буй, хэрэгжихээр төлөвлөгдөж буй инженерийн дэд бүтцийн хангамжийн ажлын бүх мэдээллийг ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэдээллийн санд шилжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуусгахыг Улаанбаатар дулааны сүлжээ ХК /Д.Бямба-Очир/, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /Ч.Саранжав/, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ/Э.Түвшинчулуун/, Ус сувгийн удирдах газар /Б.Пүрэвжав/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Д.Дашзэвэг/, Автозамын газар /Д.Од/, Усны барилга байгууламж НӨҮГ /Ё.Батболд/ нарт даалгасугай.

     Гурав. Засаг даргаас дүүргийн Засаг дарга нар, холбогдох газар, хэлтэст эрх шилжүүлсэн төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэлтэй танилцан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох шийдвэр гаргуулахыг Хөрөнгө оруулалтын газар/Ц.Ганхүү/-д даалгасугай.

     Дөрөв.Нийслэлийн хотын хэмжээнд шинээр баригдаж байгаа болон шинэчлэн засварлаж буй автозам, замын байгууламжтай холбогдох хөрөнгө оруулалтын ажлыг 2010 оны 10 дугаар сарын 01-ний дотор чанартай гүйцэтгүүлж дуусгахыг Автозамын газар /Д.Од/-д даалгасугай.

     Тав. Гэр хороолол, орон сууцны хороолол болон нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалтын түвшинг тогтмол 100 хувиар байлгахыг Гэрэлтүүлэг чимэглэл компани /Ж.Амгаабазар/, Цахилгаан тээвэр НӨҮГ тус тус даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР