Халаалтын улирал эхлэх хугацааг тогтоох тухай

2010-09-06 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 "д", 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэл хотын байгаль, цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг үндэслэн 2010-2011 оны халаалт эхлэх хугацааг төвлөрсөн дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтыг 09 дүгээр сарын 15-наас, төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууцны байрууд, нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтыг 10 дугаар сарын 01-нээс эхлүүлэхээр тогтоосугай.
 
     Хоёр. Гадна агаарын температур огцом буурч өвлийн горим ажиллагаанд шилжихтэй холбогдуулан хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтворжуулах, хадгалах шаардлагаар 10 дугаар сарын 15-наас ирэх оны 03 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, огтолгоо хийх, аваар, ослын бус шалтгаанаар дулааны шугамын ажиллагааг зогсоохыг бүрэн хориглосугай.
 
     Гурав. Дулааны эрчим хүч хэрэглэгчийн хүсэлт, төлбөр тооцоо, шугам тоноглолын гэмтлээс шалтгаалан дээр дурьдсан хугацаанаас өмнө буюу хойно дулаанаар хангах, хангагдах асуудлыг тухай бүрт нь гэрээгээр зохицуулах замаар шийдвэрлэхийг "Улаанбаатар дулааны сүлжээ" ХК /Д.Бямба-Очир/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Д.Дашзэвэг/, Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар /Б.Ган-Очир/ болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, аж ахуйн нэгжийн дарга, захирал нарт тус тус үүрэг болгосугай.
 
     Дөрөв. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Ч.Бат/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР