Аян зохион байгуулах тухай

2010-09-17 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны "Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай" 301 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуульд "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхзөвлөмжийн 1.3 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хооронд байгуулсан "Санамж бичиг"-ийн 1.6 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтын 1.2.7 заалтад тусгагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн 2010-2011 оны хичээлийн жилд "Хүүхэд бүрт нэг аяга сүү" аяныг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэл хотын хэмжээнд 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн "Хүүхэд бүрт нэг аяга сүү" аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газар/Д.Энхбаяр/-т даалгасугай.
 
     Хоёр. Аяны хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай хөтөлбөр", цэцэрлэгийн хүүхдийн хоолны төлөвлөгөөт цэсэнд өдөр бүр нэг аяга сүү олгож байхаар төлөвлөн баталж, үндэсний сүү үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, үзлэг, шинжилгээгээр аюулгүй болох нь бүрэн баталгаажсан сүүг хүүхдэд өгөх ажлыг дүүргийнхээ нутаг дэвсгэрт зохион байгуулж, хэрэгжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
     Гурав. "Хүүхэд бүрт нэг аяга сүү" аяныг төсөвт багтаан зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/-т үүрэг болгосугай.
 
     Дөрөв. Аяны үйл ажиллагаанд үндэсний сүү үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулан, эрүүл, аюулгүй, чанарын баталгаатай сүүгээр хангах ажлыг зохион байгуулж , хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс /Ж.Долгормаа/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т үүрэг болгосугай.
 
     Тав. Аяны хугацаанд зохион байгуулж байгаа ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, үр дүнг тогтмол мэдээлж ажиллахыг Нийслэлийн Хэвлэл, мэдээлэлийн алба /Д.Сайнбаяр/-д үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР