Хөрөнгө гаргах тухай

2010-09-22 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Олон улсын ахмадын өдрийг угтсан сарын ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүрээр ахмад настанд хүндэтгэл үзүүлж, тусалж, дэмжих тодорхой ажил зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай. 
 
     Хоёр. Олон Улсын ахмад настны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, нийслэлийн тэргүүний өрх гэр шалгаруулах, шагнаж урамшуулах, нийслэлийн ахмадын хорооны ээлжит 6 дугаар чуулган хуралдуулахтай холбогдсон зардал болох 15 110 000 /арван таван сая нэг зуун арван мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
 
     Гурав. Ахмадын өдрийг тэмдэглэх нэг удаагийн байрны ашиглалттай холбоотой гарах зардал 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг Соёлын Төв Өргөөний түрээсийн орлогоос хасч тооцохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР