Ц.Хашчулуун: Газрын төлбөрийг хугацаандаа төлөхгүй бол алданги тооцно

2015-03-18 00:00:00

Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн Ц.Хашчулуунаас газрын төлбөр төлөлтийн талаар тодрууллаа.

-Иргэд аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлөөд эхэлсэн. Танай дүүргийнхэн хэр идэвхтэй байна?
-Газрын тухай болон Газрын төлбөрийн тухай хуулиар улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлбөрөө төлөх ёстой. Одоогоор I улирлын төлөвлөгөөний биелэлт 40 хувьтай байна. Газрын төлбөр нийслэлийн төсөвт орж, эргээд хотын бүтээн байгуулалтад зарцуулагддаг. Иймээс иргэн, аж ахуйн нэгж хугацаандаа төлбөрөө төлөх хэрэгтэй.

-Сүхбаатар дүүрэг бусад дүүргийг бодвол зуслангийн бүс ихтэй. Зуслангийн газар эзэмшигчдээс хэдэн төгрөгийг төсөвт төвлөрүүлж байна вэ?
-Өнгөрсөн жил зуслангийн газар эзэмшигчдээс 270 сая төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Зуслангийн бүсэд 20 мянган иргэн, аж ахуйн нэгж бий. Үүнээс 300-аад иргэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг.

-Хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Өнгөрсөн жилийнхээ төлбөрийг төлөөгүй иргэн цөөнгүй бий. Хугацаандаа газрын төлбөрөө төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцох хуультай. Энд нэг зүйл хэлэхэд, газар өмчилж авч байгаа иргэд газрын төлбөрөө барагдуулаад зохих материалыг бүрдүүлж дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өгөх ёстой. Тэгээд газраа өмчилж авсны дараа үл хөдлөх хөрөнгийн татварыг төлдөг. Манай алба газар ашиглагчдаас өнгөрсөн жил 786 сая төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Харин энэ жил 900 сая төгрөгийг төсөвт оруулах төлөвлөгөөтэй байна.

С.Уянга