Нийслэлийн ажил үйлчилгээний талаар иргэдээс санал авч эхэллээ

2015-03-13 00:00:00
Нийслэлийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс цахим хэлбэрээр санал асуулга авч эхэлсэн байна. Энэ талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга  Х.Гантулгаас тодрууллаа.


-Иргэдээс цахим хэлбэрээр нийслэлийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал авч эхэлсэн гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Нийслэлийн Нутгийн захиргааны  байгууллагуудын ажил үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авч,  цаашид ажилдаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд нийслэлээс иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулга авч эхэллээ.

Энэхүү ажлын хэсэг энэ сарын 3-ны өдрөөс ажлаа эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын А/167 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Харин ажлын хэсэг бүрэлдэхүүнд Монгол Улсын нийгмийн шинжлэх ухааны их сургуулийн Социологийн тэнхмийн багш, доктор С.Нарантуяа, Удирдлагын академийн багш, судлаач Доктор Н.Батсайхан, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Энхтайван гэх мэт Хотын даргын захирамжийн дагуу хөндлөнгийн бүрэлдэхүүнтэйгээр тус ажлыг хийхээр эхлүүлээд байна. Өөрөөр хэлбэл, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, жирийн иргэнийг оролцуулсан ажлын хэсэг байгуулсан.

-Санал асуулга хэзээ эхэлсэн бэ. Санал асуулга өгөхийг хүссэн иргэд ямар хаягаар орж өгөх вэ?

-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хоёр удаа хуралдаад ямар асуулгаар санал авах эсэхээ боловсруулаад, хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаад ажиллаж байна. Улмаар энэ сарын 11-ний өдрөөс эхлэн www.ulaanbaatar.mn цахим сайтаар дамжуулан санал асуулга авч эхэлсэн. Нийслэлийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс цахим хэлбэрээр санал авах ажил энэ сарын  20-ны  өдрийг дуустал үргэлжилнэ. Тиймээс иргэд https://poll-en.herokuapp.com/survey/setgel-hanamjiin-unelgee гэсэн хэсэг рүү нэвтэрч саналаа өгөх боломжтой.

-Энэхүү санал асуулгыг иргэдээс авах болсон гол ач холбогдол нь юу вэ. Санал хэчнээн асуулгатай байгаа вэ?

-Тус ажлын гол зорилго нь өнгөрсөн оны ажлаа иргэдээрээ дүгнүүлэх, хийсэн ажлынхаа мөн чанарыг олж аваад, доогуур үнэлгээтэй ажлыг сайжруулах юм. Сэтгэл ханамжийн үнэлгээн “Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2014 оны “Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт”-д тусгагдсан ажлын хүрээнд бэлтгэсэн 72 асуулт байгаа.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд нийслэлийн Засаг захиргааны байгууллагуудаас иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж, үр дагавар нь ямар байсан гэдгийг судалгааны аргачлалаар гаргаж ирж танилцуулна. Судалгаагаар гаргаж ирсэн үр дүнд тулгуурлан иргэд ямар зүйлд сэтгэл ханамж дундуур байгааг гаргана.

Улмаар энэ онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж сайжруулах эсэх тус ажилд зориулан төсөв мөнгө шийдэх зэргээр тухайн асуудлыг энэ ондоо сайжруулах зорилготой. Тиймээс иргэд сэтгэл ханамж дундуур байгаа зүйлээ сайжруулахыг хүсч байгаа бол санал асуулгад идэвхтэй оролцох хэрэгтэй.

-Нэлээд олон асуулгатай юм байна. Иргэд санал асуулгад хэр идэвхтэй оролцож байгаа вэ?

-Бүхэл бүтэн нийслэлийн хэмжээнд 2014 онд хийсэн ажлын үр дүнг гаргах гэж байгаа учир асуулга нэлээд нүсэр байгаа. Эдгээр асуулгад нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон ажлыг таван бүлгээр нь хуваагаад нэг бүрчлэн оруулсан. Өчигдрөөс /өнгөрсөн лхагва гараг/ эхэлсэн гэхэд иргэд маш идэвхтэй оролцож байна.

Иргэд ер нь төрийн үйл хэрэгт өөрсдийн дуу хоолойгоо хүргэнэ гэдэг утгаараа маш нээлттэй ханддаг болсон байна. Тэгээд ч энэхүү эрхийг нь нийслэл болоод холбогдох төрийн байгууллагуудын хангах чиглэлээр энэ мэтчилэн тодорхой ажлуудыг хийж байдагт иргэд нэлээд талархалтай хүлээн авч байгаа.
 
-Тус судалгааг өмнө нь ямар хэлбэрээр зохион байгуулдаг байсан юм бэ?

-Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу хийгддэг ажил. 2006 оноос эхлээд яам, нийслэлийн Засаг даргын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэд иргэд, хэрэглэгчдийн үнэлгээ нийт авах ёстой онооны 20 оноог эзэлдэг болсон. Тухайн байгууллага, дүүрэг, агентлаг, нийслэл үйл ажиллагаагаа хэрхэн явуулсаныг иргэд нь яаж үнэлж буйгаар нь гол шалгуур үзүүлэлт болдог ажил юм.

Нийслэл ч 2006 оноос хойш жил бүр уг ажлыг зохион байгуулж ирсэн. Өмнө нь нэлээд олон янзаар санал асуулгыг хийж байсан. Тухайлбал, шууд мэргэжлийн судалгааны байгууллагаар, Шинжлэх ухааны академийн харьяа социологийн хүрээлэнгээр, бид өөрсдөө дотооддоо гэх зэргээр зохион байгуулдаг байсан. Энэ жилийн хувьд гол онцлог нь Хотын даргын захирамжаар өмнө нь судалгаа хийж байсан байгууллагуудыг нэгтгээд, бүгд хяналтаа тавиад хийж эхлээд байна.
 
Ж.Отгонмягмар