Автобусны камер ДОТОР биш ГАДНА талыг хянана

2015-02-13 00:00:00
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусуудад өчигдрөөс эхлэн хяналтын камер суурилуулж эхэлжээ. Уг камерыг автобусны урд шилэн дээр байрлуулсан бөгөөд тухайн автобусаас гадагшаа урд талын замыг хянах юм. Тухайлбал, автобусны буудал, зогсоол дээр зогсож хөдөлгөөнд саад учруулж байгаа хувийн автомашин болон хууль бусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих аж. Учир нь жолооч нар автобусны буудал дээр удаан зогсох, хүн буулгах, суулгах зэрэг зөрчлүүд ихээр гаргадаг. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулдаг байна. Тиймээс дүрэм зөрчиж байгаа жолооч нарт хяналт тавих зорилгоор тус камерыг суурилуулжээ. Одоогоор 20 орчим автобусанд хяналтын камер суурилуулаад байгаа бөгөөд цаашид бүх автобусанд камер суурилуулахаар төлөвлөсөн аж. Уг камерыг суурилуулахдаа төсвөөс хөрөнгө гаргаагүй гэдгийг албаныхан хэлж байна.

Учир нь нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагууд хувиасаа хөрөнгө гаргаж камер суурилуулсан гэж байлаа. Ингэхдээ өөр, өөр камер суурилуулсан хэдий ч стандартын хувьд ижил гэв. Камерын багтаамж янз бүр бөгөөд 1-3 өдрийн бичлэгээ Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжүүлж буй юм байна. Ингэснээр Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр бичлэгийг шүүж автобусны хөдөлгөөнд саад учруулсан, автобусууд нэгнээ хааж зогссон, удаан хугацаагаар зогссон тээврийн хэрэгсэлд шийтгэл ногдуулж байгаа гэж байлаа. Мөн хэд, хэдэн тээврийн хэрэгслийн жолоочид хаягаар торгуулийн хуудас хүргэж, зарим жолоочийн эрхийг хассан байна.

Камерыг жолоочийн урд шилэн дээр байрлуулсан хэдий ч жолоочийн анхаарлыг сарниулах, хөдөлгөөнд саад учруулахгүй гэж байлаа. Харин ч жолооч нар энэ ажилд ам сайтай байна. Учир нь автобусны буудал дээр бусад тээврийн хэрэгсэл зогсож хөдөлгөөнд саад учруулдаг, зогсоолоо булаацалдаж давхиснаас болж осол аваар гарах тохиолдол цөөнгүй гардаг аж. Тиймээс автобус өөрөө бусад автомашиныг хянадаг болсноор автобусны буудал ашиглалт сайжирч, нийтийн тээврийн үйлчилгээнд эерэг өөрчлөлт гарна гэдгийг хэлж байгаа юм.

Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, иргэдээс ирсэн саналын дагуу автобусны жолооч нарт хяналт тавих зорилгоор хяналтын камер байршуулах ажлыг хийж буй юм байна. 

Ж.ГАНАА