Цахим картанд байршуулах мөнгөө иргэд өөрсдөө сонгоно

2015-02-09 00:00:00

Ирэх дөрөвдүгээр сараас нийтийн тээврийн салбарт цахим системийг нэвтрүүлэхээр болсон билээ. Ингэснээр иргэд нийтийн тээврээр зорчихдоо тасалбар авах бус, цахим карт уншуулж үйлчлүүлнэ. Иргэд цахим картандаа нийтийн тээвэрт зорчих төлбөрөө 10-60 хоногоор байршуулах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, иргэд хэдэн төгрөг байршуулахаа өөрсдөө сонгож шийдэх юм байна.

Гэхдээ цахим системийг албан ёсоор нэвтрүүлэхийн өмнө туршилт хийх аж. Улмаар ирэх зун гэхэд нийтийн тээврийн цахим систем хэрэгжээд, жигдэрч эхэлнэ хэмээн албаныхан тооцоолжээ.

Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын хэлтсийн дарга Г.Доржпаламаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх дөрөвдүгээр сараас цахим систем нэвтрээд эхэлбэл, иргэд нийтийн тээвэрт картаар үйлчлүүлэх юм байна. Хэрвээ картгүй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх тохиолдолд хэрхэн хянах вэ?

-Цахим карт аваагүй иргэд жолоочийн хажууд байрлах бэлэн мөнгөний машинд 500 төгрөгөө ухамсраараа хийх хэрэгтэй. Заавал хүнээр чичлүүлж, шаардуулах шаардлагагүй. Гэхдээ энэ байдлыг хэвшүүлэхийн тулд эхлээд нийтийн тээврийн кондукторуудын тусламжийг авна. Нийтийн тээвэрт 1000 гаруй кондуктор ажиллаж байгаа. Тэднийг энэ ажилдаа татан оролцуулах юм. Иймэрхүү байдлаар хяналт тавиад ирэхээр иргэд өөрсдөө цахим карт худалдан авч, ашиглаж эхэлнэ.

 

Энэ цахим систем маань зайлшгүй техникийн дэвшил юм. Үүнийг дагаад иргэд өөрсдөө оюун санаандаа шинэчлэл, дэвшлийг хийх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Олон улсад нийтийн тээвэртээ ийм зохицуулалтыг аль хэдийн нэвтрүүлсэн гэсэн. Ингэснээр ямар үр дүн гарна гэж тооцоолж байгаа вэ?

-Нэгдүгээрт, нийтийн тээвэрт өдөр тутам гардаг хэрүүл маргаан, уур бухимдал багасна. Мөн тасалбар хэвлэхгүй гэдэг нь үргүй зардлыг багасгаж, хог хаягдлыг бууруулна. Цахим системийг дагаад нийтийн тээврийн сүлжээ, маршрутыг шинэчилж, өөрчилнө. Ингэснээр нийтийн тээвэрт зарцуулах зорчигчдын цаг багасна гэсэн үг.

-Өнгөрөгч зун нийтийн тээврийн сэлгэн суултыг үнэгүй болгож 10 хоног туршсан. Үүний үр дүн ямар байсан бэ?

-Өнгөрөгч оны наймдугаар сард нийтийн тээврийн туршилтын ажлыг хийсэн. Гол нь нийтийн тээврийн маршрут төлөвлөлтийг оновчтой болгоход чиглэж байсан юм. Автобусны маршрут давхацдаг, замын түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхийн тулд сүлжээнд нь өөрчлөлт хийхээр туршилт явуулсан. Түүнээс биш нийтийн тээврийн үнэ тарифыг өөрчлөх нь гол асуудал биш байсан.

Нийтийн тээврийг цахим системд шилжүүлэхийн тулд сүлжээ үйлчилгээнд өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Сүлжээ гэдэг нь маршрут маш их давхацдаг, хүний урсгал багатай газар руу олон автобус явдаг. Улмаар нэг чиглэлийн автобуснууд хоорондоо уралддаг. Замын түгжрэл их үүсгэдэг зэрэг асуудал юм.

 

Гэхдээ энэ зундаа багтаад сүлжээ үйлчилгээнд тодорхой өөрчлөлт хийхээр судалж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, иргэдийн санал дээр үндэслэн тэдэнд аль болох хэрэгтэй байдлаар зохицуулах юм.

 

Б.Золоо