“Хог”-ийн улс төр-1

2015-01-19 00:00:00
Нэг. Хоньчин хүү ба ногоон уут

Зай байз уу, “Хог бол манай улс төрийн үндсийн үндэс мөн” гэдгээр эхэлсэн нь дээр үү! Бидний мөн чанарыг тодорхойлсон үлгэрээс эхэлсэн нь дээр ч юм уу?

...“Би ингэж сонссон юм”. Тэр нэгэн цагт олон хүүхэдтэй айлын жаалууд  дотроос хонь хариулах ажилд ээлжгүй томилогдсон нэгэн хүү байж. Өөр ажил даалгавал “ муу хүнийг зар, зарсан хойно оо өр” болгож хашраачихсан л амьтан байсан уу, бүү мэд. Хөөрхийд хоолны бага оногдох. Уул нь малчин монгол айл тэр өдрийнхээ хоолны ихийг хонь хариулсан хүнд ногдуулдагсан. Тэгэхээр хүүд өөрт нь жаахан учир байсан шиг байгаа юм.

Гэр бүлээрээ нэг өдөр жигтэйхэн хүмүүнлэг ажил сэджээ, тэр нь хоньчин хүүгээ баярлуулах. Ингээд аягыг нь сольж томруулаад, дотор нь идээ будааныхаа дээжийг алаглуулж дүүргээд хүлээсэн гэдэг. Хоньчин хүүгийнхээ баяр хөөр, талархлыг хүлээсэн улс нарыг жаргаав гэнэ. Хүү оройхон орж ирээд аягатай хоолыг харснаа учир зүггүй уйлаад эхлэв. Дүүгийн баярын нулимсыг харж сэтгэл хөдөлсөн ах, эгч нар нь түүнийг аргадаж, үүнээс хойш хоолны хамаг дээжийг чамд өгдөг болно хэмээн амлажээ. Гэтэл хоньчин дүү яасан гээч! Бүгдийг нь үзэн ядсан харцаар тойруулан харснаа “Та нар надад ийм ихийг өгч байгаа юм чинь, өөрснөө яасан ихийг идсэн бол оо? Тануус ийм муухай” гэж ирээд улам хорсолтойгоор гиншин уйлсан гэдэг. Үлгэр ингээд болоо.

Хотын захиргаанаас айл өрх бүрт хог хийх уут тараажээ. Уутны мөнгийг баруун, зүүнээрээ сольсонгүй. Чухам ингэж наймаалцаагүйгээс болоод  өнөө “авсан өгсөндөө өлзий” гээч болсонгүй.

Хогийн хураамж гэж айл бүрээс, албан байгууллагаас мөнгө хураачихаад  яасан нь бүү мэд болдог. Хог, хогийн мөнгө хоёрт ялгаа байхгүй, хээр аваачаад хаячихдаг юм гээд ойлгуулчихсан үеийг халахаар шийдсэн хэрэг. Ингээд тэр мөнгөнөөс нь уут аваад “ямар ч байсан хогоо уутлаад сурчих” гээд тарааж л дээ.
Ерөөсөө үнэгүй ч юм биш. Чамаас ногоон байтугаа номин уут хийж болох мөнгө авчихсан. Чи үнийг нь урьдчилаад төлчихсөн. “Хайран мөнгөөрөө уут аваад надад үнэгүй өглөө” гэхийн “Ингээд л болоо юу? Үлдсэн мөнгө нь хаана байна” гэж заргалдах учиртай  бизнес байсан.

Хэрвээ танай хогийн хураамжийг нэмсэн бол дуугарахгүй байсан, ногоон уутыг номин уутаар үнэлээд тэрийгээ нугалаад төлүүлсэн ч ажрахгүй байсан. Харин бидэнд юм өгөхөөр л асуудалд унадаг. Оюутанд тэтгэлэг өгөхөд  юуны өмнө “манай хүүхдэд ийм ихийг өгч байгаа юм чинь, өөрсдийнхээ хүүхдэд яасан ихийг олгоо бол” гэж бодогдсон. Хүний хөгжлийн мөнгө тараахад “дарга нар өөрснөө авснаасаа хамаагүй багыг л  бидэнд өгч таараа” хэмээн хардсан. Тийм учраас “Монгол хүнд үнэгүй юм өгч болохгүй, харин монгол хүний юмыг үнэгүй авч болно” гэсэн логик гарсан гэдэг.

Хотын дарга Бат-Үүл ч батүүл, сонгууль болох гээгүй байхад юмыг үнэгүй байдал тарааж л явдаг.(Сонгуулийн өглөг ч цаанаа өндөр үнэтэй тараагддаг бөгөөд сонгогчид түүний өртгийг дөрвөн жилийн турш аж амьдралаараа дамжуулан төлдөг) Доодуул ч нь доодуул, хогны мөнгийг нь хог болгох уламлалыг үргэлжлүүлэхийн сацуу, уутныхаа мөнгийг нэмж хураагаад “бүүр их хог” болгон ашиглаж болох юм гэдгийг ятгаж чаддаггүй, хээцсс!

Үнэгүй уут авсан иргэд яг л хоньчин хүүгийн үлгэрээр сэтгэж бидэнд  хэдэн ширхэг үнэгүй уут өгч байгаа юм чинь өөртөө хичнээн живааг аваа бол доо хэмээн уйлалдаж эхэллээ. Ийнхүү “Хогийн уут” 2014 оны үндэсний сэдэв боллоо. Мөнгөний нэгж, тооцооны итгэлцүүрийг “ногоон уут” орлох болов.  Дутагдаж байгаа хүүхдийн цэцэрлэгт хэрэгтэй хөрөнгө оруулалтыг  тэрбум, их наядаар илэрхийлэхэд ойлгож өгөхгүй. Харин төчнөөн “хогны уут” гээд хэлбэл нийтээрээ сэнхрээд явчих жишээний.

Хогийн уут нь үндэсний гашуудлын өгөгдөхүүн ч болоод ирэв. Гал түймэр гарлаа гэхэд “хэрвээ хогийн уутанд мөнгө зараагүй бол галын хор авчих байсан”-д итгэж, нялхас эндэхэд “ногоон уутнаас л боллоо. Тэр мөнгөөр төрөх тасаг байгуулсан бол” хэмээн гасалж,  хувийн өмчийн пүүс дампууран хаалгаа барихад  учир шалтгааныг “ Бат-үүл үүлээс болж байгаа юм. Хайран ногоон уутнаас болохгүй юу” хэмээн ядах юмгүй тодорхойлж байна.

Сайн муугийн жишгийг ч “ногоон уут” нэгжээр илэрхийлнэ. Дээр үед бага шиг алдаа, эндлийг  “За яршиг, хүн алж хүрээ талсан биш” хэмээн цайруулдаг байж. Харин өнгөрсөн жилээс олон долоон юм ярьж гоншигноод байгаа этгээдийг “Чамд ногоон уут үнэгүй өгчихөө юу, битгий сүржигнээд бай” гэж ирээд л хандыг нь хага дарах жишээний.

Орон нутгийнхан ч гэсэн  өнгөрсөн жилийн хоёр аймшгийг “Африкт  эбола үнэгүй тарсан, Улаанбаатарт ногоон уут үнэгүй тараасан”  хэмээн төсөөлцгөөж байна. 

Харин хэрэг дээрээ дараахь байдалтай. Монгол улсын төсөв яагаад их хурлаар батлагддаг вэ? Хууль учраас тэр.  Төсөв нь хууль учраас түүнийг дутаах ч хориотой, өсгөх ч цаазтай.  Яг л хуулийг гоёор зөрчвөл өршөөгдөөд, муухайгаар зөрчвөл цээрлүүлэгдэнэ гэж байхгүйтэй агаар нэг.

Яг түүн шиг “чи хог тарьж байна. Үүнийг чинь цэгцэлнэ” хэмээн айлаас хураасан мөнгөөр тарьсан хогийг нь  л янзлах ёстой. Тэр мөнгөөр хог  арилгахын оронд хүний амь аварсан байсан ч буруутна. Бид хууль ёсыг дагаж мөрдөхийг шаардахдаа,  хуулийн иймэрхүү “хүн чанаргүй” байдлыг өөрснөө ухамсарлах учиртай юм. Хотын удирдлага иргэнээсээ “ тарьсан хогийг нь янзлах”  сэдвээр хурааж авсан мөнгөөр төрөх газар байгуулбал гэмт хэрэг болно. Хууль ийм л муухай  эд дээ.

Толгой дээрээ “Ногоон  тугийг намируулан, номын сүрийн бадруулан” явагчдын олонхи нь энэ учрыг мэднэ. Гэхдээ  үнэгүй юмнаас сэжиглэдэг хоньчин хүүгийн зангаа тавиагүй яваа олон нийтийг турхирах,  эрүүлийг хамгаалах, боловсролд олгохоор хуульчлагдсан төсвөөс хасаад хогийн уут тараагаад яваа мэтээр мушгих нь тэдэнд ашигтай байгаа.

Асуудал ерөөсөө уутанд ч байгаа юм биш.  Асуудлыг санасан зоргоор нь шийдээгүй, олзын үүдийг нь хаасан, жаран жилийн жаргал, наян жилийн найрыг нь тасалдуулсны хариуг авах л хөтөлбөрийн нэг хэсэг болов уу? Монгол хүн асуудлыг хичнээн алсаас эхлэхийн хэрээр цаад зорилго нь биед нь ойрхон байдаг, сэдвийг хичнээн эх орны өмнөөс гаргаж тавина, сонирхсон ашиг нь төдий чинээн амин зуулга руу нь чиглэдэг хойно доо.

Харин хотын удирдлага учрыг ингээд хэлээд өгчихийг нэг их яарахгүй байгаа нь сонин санагдана.  Бат үүл ном уншихдаа ойрын харааны  шил зүүдэг болсон ч улстөрчийн хувьд ойрын хараатай хүн огт биш.

Харин ногоон уутны дажин дэгдэхийн хэрээр “энэ мөнгө хаанаас гарав” гэдэг асуултын хариу нэхэгдэнэ. Ингэснээр иргэдийн хогийн хураамж хэмээн авдаг мөнгөний тодорхой хэсэг болох тухай олон нийт мэдэж авна. Тэгээд “төдөн тэрбумаар уут хийгээд тарааж байна” гэсэн тоог ба “хураамжийн тодорхой хэсэг”-тэй харьцуулан цаад хэмжээг  төсөөлнө. Аймаар тоо харагдана. Ингээд “Энэ их мөнгийг ер яадаг байсан бэ” гэсэн асуултын хариу нэхэгдэнэ. Гарах хариу одоогийнхоос өмнөх үед ээлж халаагүй засаглаж байсан МАН-ынхантай, зөвхөн тэдэнтэй л холбогдно.

Хашир баатар, өөрсдийнх юмыг өөрсдөөр нь ухуулаад, өөрсдөөр нь гаргуулж, өөрсдийнхээ бульхайг өөрсдөө дэлгээд ирэхийг хүлээгээд, хөх инээд нь хүрсэн шигээ суугаа юм биш байгаа!  Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг.

Б.Цэнддоо