Яармагийн замд жолооч нар дээд хурдаар давхидаг-ХУРДНЫ ЗАМ БИШ

2015-01-15 00:00:00
Өчигдөр Хан уул дүүргийн нутаг Яармагийн замд өглөөний 08:00 цагийн үед 60-70 орчим насны эрэгтэй хүн авто машинд дайрагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Өнгөрсөн онд гэхэд Яармаг, Нисэхийн зам дээр зам тээврийн ослын улмаас 20 хүн амь насаа алдсан гэсэн тоон мэдээллийг Замын цагдаагийн газраас гаргаад байгаа билээ. Харин дээрх амиа алдсан тохиолдол бол он гарсаар анхных гэдгийг эх сурвалж хэлж буй юм.

Энэхүү зам дээр осол тогтмол гардаг ГОЛ ШАЛТГААН НЬ жолооч нар тус зам дээр автомашиныхаа дээд хурдаас давхидагтай холбоотой ажээ. Яармагийн авто замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нь тогтоосон хэмжээнээс давуулан хурд хэтрүүлдэг, улаан гэрлээр ордог зөрчлийг их гаргадаг бол явган зорчигчид нь ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм.

Замын цагдаагийн газрын албаны хүний хэлж буйгаар тэр орчимд орон сууцны хорооллууд баригдаж байгаатай холбоотойгоор жилээс жилд замын хөдөлгөөний нягтаршил ихсэж байгаа аж. Тиймээс гэрлэн дохионы зохицуулалтыг нэмэх, улмаар гэрлэн дохиогоо байнга хянаж байх камерын систем суурилуулах шаардлагатай байгаа гэдгийг хэлж байлаа.

Иймд иргэд та бүхэн Яармагийн замаар зорчихдоо автомашиныхаа хурдыг тохируулж, тус замыг хурдны зам биш гэдгийг тогтмол санаж яваарай. Мөн явган зорчигчид тус замаар гарахдаа заавал явган хүний гарцаар гарч, анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Б.БУРМАА