Ах нь Тэхийн зогсоол дээрээ байна...

2015-01-08 00:00:00

Бидний хэлж заншсанаар “шар хантаазтан” гэх эрхэм үүргийг хүлээдэг Ч.Буяндэлгэр гуайтай утсаар холбогдон хаана байгааг нь асуувал Ах нь Тэхийн зогсоол дээр замаа шүүрдээд л зогсч байна. Энд хүрээд ирээ. Ажил арай дуусаагүй байгаа гэлээ.

Оройн 17.00 минут. ТҮК-ийнхны брэнд болсон шар хантаазаа өмсөж, доогуур нь дээхнэ үеийн цэргүүдийн десантан өмд өмссөн Ч.Буяндэлгэр гуай өөрийн цэвэрлэдэг талбайгаа шүүрдэн зогсох бөгөөд бээлийтэй гараараа чихээ ойр ойрхон барьж дулаацуулж байгаа харагдав.

Өвлийн хүйтэнд жиндэж бээрээд гудамжинд хог шүүрдэж зогсоход жаахан хүндрэлтэй л байна. Манай салаа энэ жил өвлийн хувцасны нормоосоо жаахан хоцорсон. Удахгүй олгох байх” хэмээн Ч.Буяндэлгэр гуай хуучилав. Тэрбээр Баруунсалаанд эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг. Түүний хувьд гурвалжингийн гүүрний зам бол ажлын байр нь гэж хэлж болох.  Өглөөдөө Баруунсалаан дахь гэрээсээ дасал болсон замаараа  хоёр автобус дамжин Гурвалжингийн гүүрний урд талын Тэхийн зогсоолд бууна. Тэхийн зогсоолоос урагш хоёр буудал гаруй газрын цэвэр цэмцгэр байдлын манаанд Ч.Буяндэлгэр гуай өдөр бүр ганцаараа зогсдог.  Өглөө 06:30 цагийн үед ажлын байран дээрээ ирдэг гэнэ. Шунхлай шатахуун түгээх станцын хажууд тавьсан цэвэрлэгээний багажаа авснаар түүний нэг өдрийн ажил эхэлнэ.

Сайхан цэвэрлэж байгаад эргээд харахад нэг нь машинаасаа ууттай хог, ундааны сав, тамхины ишээ шидчихнэ. Буцаад л цэвэрлэсэн талбай руугаа очно шүү дээ. Дахиад шүүрдэж эхэлнэ. Ингэсээр байтал нэг мэдэхэд үдшийн бүрийтэй золгоно доо” гэв. Харж байхад залуучууд “За ганц удаа юм чинь” гээд чихрийн цаасаа гудамжинд хаях жишээтэй. Гэтэл өдөржин борви бохис хийлгүй цэвэрлэсэн талбайд нь ганц хүн л хог хаяхад ТҮК-ийнхны ажлын бүтээмж үгүй болдог. Үүнийг л ойлгох хэрэгтэй гэдгийг тэрбээр учирлаж байсан юм. Гэхдээ гудамжинд хогоо шүүрдэж байхад юу эс тохиолдох вэ. Саар хүмүүс байхад, сайн нэгэн ч түүнээс олон бий гэдгийг онцолсон. Гадаа -10 гаруй хэмийн хүйтэнд өдөржин ажиллаж зогсоход даарах үе бишгүй бий.  “Зарим нэг сайхан сэтгэлтэй хүн халуун кофе авч уу гээд 500 төгрөг өгдөг л юм. Гадаа ажилладаг бидэнд ганц аяга халуун кофе, цай гэдэг маш том бэлэг шүү дээ. Дотроосоо дулаацаад л явчихна” хэмээн инээмсэглэн өгүүлнэ.

Ч.Буяндэлгэр гуайн ажлынхан өчигдөр шинэ жилээ тэмдэглэсэн. Түүний хувьд Баянхонгор аймагт мал маллаж байгаад нийслэлд орж иржээ. Сургууль соёлд сураагүй, малчны хотноос гэнэт их хөлийн газарт орж ирсэн түүнд төдийлөн ажил олдоогүй гэдэг. Арай гэж өнгөрсөн жилээс “Улаанбаатар нэгтгэл” гэх их айлын нэг хэсэг болж, хамт олонтойгоо тэмдэглэсэн анхны шинэ жил байсан гэв. Тэрбээр “Ажлаа хийгээд байж байсан чинь гэнэт дуудаад сайхан шинэ жилд оруулсан. Шагнахыг нь шагнаад, баярлаж цэнгээд сайхан л байдаг юм билээ” хэмээн баяртайгаар жуумалзан өгүүлэв. Түүний хувьд хотод суурьшаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа аж. Ер нь амьдралынхаа туршид анх удаа хамт олны дунд шинэ жилээ тэмдэглэсэн нь энэ гэнэ. “Хөдөө аав ээжтэйгээ амьдардаг байхад шинэ жил, цагаан сар, наадам гэхээр их л гоё санагддаг байлаа. Харин ажлын хамт олонтойгоо анх удаа л ингэж баярлаж байна. Ажил хийж сурсан хүмүүс цаанаа л өөр байдаг юм билээ” хэмээн баясан өгүүлнэ. Инээмсэглэн онийсон нүд нь бага зэрэг бодлогошронгуй болсноо “Гэхдээ баяр ёслолын дараа гудамжаар нэг хог овоорсон байх нь харамсалтай санагддаг” хэмээсэн юм.

Ч.Буяндэлгэр гуай энэ жилээс нэг хүүгээ ТҮК-д ажилд оруулсан. Ажил хийвэл ам тосдоно гэдэг шиг хүү нь ч дороо дадлагажиж, аавтайгаа мөр зэрэгцэн ажилласаар тэд тов хийсэн амьдралтай болж байгаагаа ч хэлсэн. Шударга хөдөлмөрөөр хэдэн төгрөг олж байгаа гэсэн шиг энэ жил бас нэг хүүгээ тусад нь гаргасан гэж байгаа. Шударга хөдөлмөр өө гэж... Хийж чадаж л байвал аливаа ажил бүр эзэндээ амжилт дагуулдаг гэдэг дээ. Ч.Буяндэлгэр гуайн амьдрал ч аажим аажмаар өсөн дэвжсээр, цаашид хамт олонтойгоо олон олон шинэ жилийг хамтдаа угтана гэж найдаж байна.

Хэдийгээр цаг орой болсон ч ажлын цаг нь дуусаагүй учраас Ч.Буяндэлгэр гуай Тэхийн зогсоол дээрээ гараа даллан, амжилт хүссээр хоцорсон юм даа...

Б.Золзаяа