Хосуудын хөлд дарагдсан хорооны нэг өдөр

2015-01-08 00:00:00

-Иргэний таван төрлийн бүртгэлийг хороон дээр хийж эхэлжээ-

Сүхбаатар дүүргийн VII хороо иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байв. Хорооны ажилтнууд тун завгүй байгаа бололтой. Ийнхүү хүн хөлхөж, ажил ундарсан орчин биднийг угтлаа. Хорооны байранд асуудлуудаа шийдүүлэхээр ирсэн олон иргэдийн дотроос хуримын гоёлоо өмссөн залуу, бүсгүй хоёр илт ялгарна. Тэд Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэд. Өнөөдөр хорооныхоо байранд ирж гэрлэлтээ батлуулахаар ирээд байгаа нь энэ. Хосуудыг Э.Очбаяр, О.Мөнх-Уянга гэдэг. Жилийн дараа хуримаа хийхээр төлөвлөсөн хосууд уг товоо баталгаажуулан өнөөдөр ийнхүү хороон дээрээ гэр бүлийнхнийхээ хамтаар ирж гэрлэлтээ батлуулж байгаа ажээ. Шинэхэн гэр бүл болсон Э.Очбаяр “Хороон дээр гэрлэлтээ бүртгүүлэх нь явдал чирэгдэлгүй амар юм байна. Энэ дашрамд хорооны Засаг дарга болон ажилтнуудад баярлалаа гэж хэлмээр байна” гэв. Харин гэрийн шинэхэн эзэгтэй О.Мөнх-Уянга “Миний хувьд Баянгол дүүргээс энэ хороо руу шилжиж ирсэн. Ер нь дүүрэг явж олон хүнтэй газар бужигнаж оочерлохоос илүүтэй хороон дээрээ ингээд гэрлэлтээ батлуулах нь амар юм байна. Бидний хувьд энэ жилдээ гэрлэлтээ батлуулаад ирэх оноос хуримаа хийхээр төлөвлөсөн” гэв.

Иргэдийн хувьд гэрлэлтээ хороон дээрээ бүртгүүлэхэд эрүүл мэндийн шинжилгээний бичиг, иргэний үнэмлэх, түүний хуулбар, гэрлэж байгаагүй гэсэн лавлагааг ТҮЦ машинаас авсан байх шаардлагатай юм байна. Сүхбаатар дүүргийн VII хорооны хувьд ч энэ оны анхны гэрлэлтээ бүртгэж байгаа учир хөл хөдөлгөөн ихтэй байгаагаа Засаг дарга нь хэлсэн юм. Энэ мэтчилэн хороон дээр гэрлэлтийн бүртгэл болон цуцлалт, шилжилт хөдөлгөөн, төрсний бүртгэл зэрэг 5 төрлийн үйлчилгээг хийгээд эхэлсэн ч иргэдийн хувьд хангалттай мэдээлэлгүй байгаа гэнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн VII хорооны хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд  дөрвөн гэр бүл л бүртгүүлжээ. Энэ хорооны хувьд 9000 гаруй хүн амтай. Сүүлийн жилүүдэд хороон дээр шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүртгэл ихсэх хандлагатай байгаа гэнэ.

Хотын төвийн хорооноос гараад бид Чингэлтэй дүүргийн XVIII хороог зорилоо. Энэ хорооны хувьд мөн л 9000 гаруй хүн амтай. Энэ хэрээр хороон дээр ирж үйлчлүүлэх иргэдийн хөл хөдөлгөөн их байдаг. Ялангуяа шилжилт хөдөлгөөн өмнөх жилүүдтэй харьцуулахад их байгаа. Тэр хэрээр оршин суугаа хаягаа бүртгүүлдэгүй, шилжилт хөдөлгөөнөө мэдэгддэггүй хэнэггүй иргэд ч олон байгааг улсын бүртгэгч П.Амгаланбаатар хэлж байлаа. Тэрбээр “Иргэд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлнэ гэхээр дүүрэг дээр очиж бөөн оочер дугаар болно гэж халшраад байдаг юм шиг. Уг нь гэрийнхээ ойролцоо байгаа хороон дээрээ ирээд таван минутын дотор л шийдвэрлэх асуудал болсон гэдгийг онцолмоор байна” гэсэн юм. Ирэх жил сонгууль болох учраас тус хорооныхон иргэдийнхээ шилжилт хөдөлгөөнийг цэгцлэх ажлыг эхэлжээ. Энэ хүрээнд 3000 орчим хүний гэрийн хаягийг тодорхой болгож, хасалт, нэмэлт хийсэн байна. Гэсэн ч цаана нь дахиад л бүртгэлийн асуудалтай иргэн олон бий гэнэ.

XVIII хорооны хувьд хүн ам ихтэйн зэрэгцээ хороон дээрээ ирж гэрлэлтээ бүртгүүлэх иргэд ч цөөнгүй бий гэв. Тухайлбал, өнгөрсөн оны хувьд 28 гэр бүл хороондоо бүртгэлээ хийлгэсэн. Харин он гараад нэг гэрлэлт бүртгэжээ.

Ер нь иргэдийн хувьд шилжилт хөдөлгөөн, бүртгэл гэхээр хэдэн жилийн өмнөх шиг оочер дугаар, хүнд суртал гэж ойлгосоор байгааг ч улсын бүртгэгчид хэлж байсан юм. Гэтэл өнөөдрийн байдлаар нийт 42 хороог шилэн кабелиар холбож, цахим системд шилжүүлээд байна. Тиймээс иргэдэд өдөр тутам тулгардаг 5 гол бүртгэлийн үйлчилгээг хороонд шилжүүлээд багагүй хугацааг үдэж байгаа гэдгийг энд онцлохыг хүсч байна. Төрийн үйлчилгээ иргэндээ улам ойртож, засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр ийнхүү бүртгэлийн үйл ажиллагааг явуулж байгаад иргэд талархалтай  хандаж байгаа ажээ.

Б.Золзаяа | Гэрэл зургийг Ц.Баярбаатар