ШИЛЭН ДАНСТАЙ ДОЛОО ХОНОГ

2015-01-07 00:00:00

“Өглөө бүхэн “шилэн данс”-ны хууль байгааг надад сануулж бай гээд өөрийнхөө туслахад хэлэх хэрэгтэй” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн илтгэлдээ онцолж байсан цаг саяхан. 

Тийм ээ. Өглөө бүхэн сануулах хэрэгтэй “Шилэн данс”-ны хууль улс даяар мөрдөгдөж эхлээд ДОЛОО хонож байна. 

Анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж, УИХ-аар 2014 оны долоодугаар сард батлагдсан “Шилэн дансны тухай хууль”-ийн гол зорилт нь:

Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

Харин энэ хуулийн үйлчлэх хүрээ нь төртэй хэлцэлд орсон аж ахуйн нэгжүүд бөгөөд эдгээр нь “Шилэн данс”-ыг хэрэгжүүлэх субъект болох юм.

“ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШИЛНИЙ ЦААНААС...

Улс орон даяар шуугиан тарьж, хүмүүсийн анхаарлын төвд байгаа энэ хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж байгаа вэ гэдгийг сэтгүүлч миний бие судалсан юм.

Юуны түрүүнд www.shilendans.gov.mn буюу Шилэн дансны нэгдсэн цахим хаягт хандав. Нийт 6000 гаруй байгууллагыг нэгтгээд буй цахим хаяг ашиглалтанд бэлэн болжээ. Харин байгууллагуудын санхүүгийн тайланг олж харсангүй. Учрыг лавлатал “Одоогоор байгууллагууд тайлангаа оруулж эхэлсэн. Гэхдээ бүрэн оруулж дуусаагүй байгаа” гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Шилэн дансны тухай хуулийн 5.3-т зааснаар “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шилэн дансны нэгдсэн цахим хуудастай байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудас ажиллуулж эхлэх хугацааг энэ хуулийн хэрэгжилтийн байдлыг харгалзан Засгийн газар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө байхаар тогтоох бөгөөд уг нэгдсэн цахим хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтөлнө” гэсэн тул холбогдох байгууллагууд нэгдсэн цахим хуудсыг нэгдүгээр сарын 1-ээс өмнө ажиллуулах гэж яараагүй бололтой.

Харин 6.1.1-т зааснаар “Тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор” мэдээлэх ёстой юм байна. Үүнийг манай төрийн байгууллагууд хугацаанд нь хэрэгжүүлэх байх гэж найдаж байна.

Найдаж байна гэдгийн учир нь тус хуулийн 5.1-т заасан “Байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэх бөгөөд цахим хуудас нь шилэн дансны бие даасан цэстэй байх” гэснийг хэрэгжүүлсэн газар тун цөөн ажээ.

Тухайн жилийн төсөв, төлөвлөгөөгөө мэдээлэх хугацаа нь хаяанд ирчихээд байхад цахим хаягтаа “Шилэн данс” гэсэн цэсээ ч байрлуулж амжаагүй байгууллагууд олон байгаа бөгөөд суулгасан нэг нь хоосон үлдээсэн байгаа нь энэ хуулийг хэрэгжүүлэхэд хойрго хандаж буйг илтгэнэ.

ШИЛЭН ДАНС+ШИЛЭН УУЛЗАЛТ=НИЙСЛЭЛ

Гэхдээ бүгд дээр дурдсан шиг биш ээ. “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаад эхэлчихсэн төдийгүй манлайлан хэрэгжүүлж байгаа газар бол Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар байлаа. Тэдний цахим хаяг болох www.ulaanbaatar.mn –д нийслэлийн төсвийн мэдээлэл дэлгэрэнгүй байсан юм. Хуулийн хэрэгжилтийг ийнхүү манлайлан хэрэгжүүлж байгаа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс-өөс дараах тодруулгыг авлаа. Тэдний зүгээс санхүүгийн мэдээллээ ил тод болгоод зогсохгүй “Шилэн уулзалт”-ыг санаачлан хэрэгжүүлж байгаа гэв.

-Энэ сарын нэгнээс мөрдөж эхлээд буй “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтийг нийслэл хэрхэн хангаж байгаа вэ?

-Ерөнхийлөгч санаачилж, УИХ-аар баталсан “Шилэн дансны тухай хууль”-ийг оны эхний өдрөөс улс даяар дагаж, мөрдөж эхэлсэн. Нийслэл ч ялгаагүй энэ хуулийг хэлбэрэлтгүй мөрдөх үндсэн үүрэг хүлээж байгаа.

Оны анхны ажлын өдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ хурал дээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тодорхой хоёр чиглэлээр үүрэг өгсөн. Нэгдүгээрт, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх. Мөн энэ хуулийг хэрэгжүүлж чадаагүй албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэртэй алхам хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Хоёрдугаарт, “Шилэн дансны тухай хууль”-ийг хэрэгжүүлээд зогсохгүй үйл ажиллагаагаа ил тод, олон нийтэд нээлттэй байлгах, ямар нэг сонирхлын зөрчил, авлигаас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэл, дүүргүүдэд болж буй албан уулзалтуудыг ШИЛЭН УУЛЗАЛТ болгох санаачлага гаргасан байгаа.

Энэ нь тухайн албан тушаалтан ямар хүмүүстэй, ямар хугацаанд, ямар сэдэв асуудлаар ярилцсан бэ гэдэг тэмдэглэлээ албан ёсоор баталгаажуулж, олон нийтэд нээлттэй байлгах ёстой гэсэн үг. Үүнийг журамлаад хоёрдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэх үүрэг өгсөн.

-Төрийн байгууллагуудын цахим хаягуудыг харж байхад танай www.ulaanbaatar.mn шилэн данс гэсэн тусгай цэс гаргаад сүүлийн хэдэн жилийн санхүүгийн тайлангаа оруулсан байна лээ?

-“Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны захирамж байдаг л даа. Энэ захирамж ёсоор тендер, төсөв, боловсон хүчинтэй холбоотой мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллэх үүргийг холбогдох бүх албан тушаалтнуудад өгсөн байдаг.

Нийслэлийн Засаг даргын энэ захирамжийн дагуу www.ulaanbaatar.mn сайтад энэ бүх мэдээллийг оруулсан байгаа. Харин 2014 онд “Шилэн данс” гэсэн тусгай цэсэндээ нийслэлийн төсвийн орлого, зарлагын бүх мэдээллийг оруулсан.

-Танайх “Шилэн данс” цэсийг цахим хаягтаа байршуулаад тодорхой хугацаа өнгөрчээ. Хууль хэрэгжсэнээр төрийн байгууллагуудын төсөв иргэдэд нээлттэй болж тэд буцаагаад гомдол саналаа илэрхийлэх боломжтой болж байгаа. Иргэдээс ер нь хэр их гомдол санал ирж байгаа вэ?

-Мэдээлэл нээлттэй болоод удаж байгаа учир олон нийтээс маш олон санал бодол ирдэг. Яг шилэн данс, нийслэлийн төсөвтэй холбоотой санал их хэлдэг. Жишээ нь энэ жил нийслэлийн төсөв хэлэлцэх үеэр цэцэрлэг, сургуулийн хүртээмж, замын уулзвар газарт хөрөнгө оруулах саналыг тасралтгүй тавьж байсан.

-Нийслэлийн харъяа байгууллагуудын хувьд?

-Нийслэлд 40 гаруй нэгж байгаа. Нийслэлээс “Шилэн дансны тухай хууль”-ийг манлайлан хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаа. Үүнийхээ дагуу холбогдох бүх газрууддаа үүрэг өгсөн. Миний хувьд сүүлд Сүхбаатар, Хан-Уул дүүргээр явж байхад цахим хаягтаа санхүүгийн тайлангаа оруулсан байна лээ.

Шилэн дансны нэгдсэн цахим хаяг www.shilendans.gov.mn

ШИЛЭН ДАНС БА ХУВИЙН ХЭВШИЛ

“Шилэн дансны тухай хууль”-ийг хэрэгжүүлэх субъект нь дан ганц төрийн байгууллагууд биш бөгөөд тус хуулийн

3.1.3  хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани;

3.1.4.улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;

3.1.5.төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч гэж заажээ.

Ингэснээр төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийнхэний хувьд ч төсвийн мөнгийг хэрхэн зарцуулсан бэ гэдгээ олон нийтэд тайлагнах юм.

“Аж ахуйн нэгжүүд төсвөөс ажил үйлчилгээ гүйцэтгээд эхэлбэл их хэмжээний хэлцэл гэж хийнэ. Их хэмжээний хэлцэл гэдгийг тухайн аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн 25 хувиас дээш гарсныг нь хэлж байгаа юм. Ийм хэлцэлд төртэй орсон бол тэр аж ахуйн нэгж “Шилэн данс”-ны субъект болж хувирч байгаа. Асуудал нэлээн нарийсч хатуурч байгаа шүү” Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

Харин төртэй хэлцэл хийгээгүй хувийн хэвшлийнхний хувьд энэ хуулийн хэрэгжилт хэрхэн холбогдож болохыг “Улаанбаатар Аудит Корпораци” ХХК-ны ерөнхий захирал Б.Осоргарав-аас тодруулахад Шилэн дансны тухай хуулийг би төсвийн зарцуулалттай голчлон холбогдоно гэж ойлгож байгаа. Төсвийн мөнгө зарцуулагдах ёстой зүйлдээ зарцуулагдаж байна уу гэдгийг иргэд хянана.

Харин аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс орсон мөнгө төсөвт орохдоо зөв, буруу орсон эсэхэд хяналт тавьж, мөнгө нь хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэх боломжтой гэдэг утгаараа энэ хууль хувийн хэвшлийнхэнд холбогдоно л доо” гэсэн хариултыг өгсөн юм.

ШИЛЭН ДАНС БА БОЛОМЖ

Уг хуулийг зарим хүмүүс арай өөр өнцгөөс харж байна. Тэдний хувьд төсвөө ил тод болгоогүй удирдагч, ажилтнуудыг торгох, шийтгэх, ажлаас нь чөлөөлөх заалтуудад ач холбогдол өгч байгаа юм.

Хуулийг дагаж мөрдвөл шийтгэх зүйл заалтад ач холбогдол өгөх хэрэггүй мэт санагдана. Нэгэнт л ард түмний татварын мөнгийг шударгаар зарцуулах үүрэгтэйгээс хойш төрийн байгууллагын удирдлагууд харин ч хуулийн хэрэгжилтийг МАНЛАЙЛАХ хэрэгтэй бус уу.

Нэг талаас таныг шийтгэх заалтууд байгаа боловч нөгөө талаас таныг ХАМГААЛАХ чадвартай хууль гэдгийг санаарай.

Авлига, хээл хахуультай холбоотой хардлага, сэрдлэг, хэлмэгдүүлэлтээс энэ хууль хэнийг ч “аварч” чадна.

Бүхнийг ил тод, шударга байлгаснаар ажил, албан тушаал, байгууллага, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг ард түмний өмнө “гялалзуулах”, цаашлаад нэр хүнд нь уначихсан төрийн алба, албан хаагчдын ажил үйлсийг шударгаар үнэлүүлэх БОЛОМЖ таны гарт байгаа юм шүү.

ЯМАРТАЙ Ч ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦАА ЭХЭЛЧИХСЭН. ХАРИН ХЭРЭГЖИЛТИЙГ НЬ Л НЭН ДАРУЙ “ХЭРЭГЖҮҮЛЭХ” ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.