Ц.ЭНХЦЭНГЭЛ: Нийслэл иргэдийнхээ эрх ашгийг бодож нийгмийн салбарт нэмэлт санхүүжилт гаргасан

2015-01-06 00:00:00
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлтэй ярилцлаа

-Та Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ жилийг улсын хэмжээнд хөдөлмөр, бүтээн байгуулалтын жил болгон зарласан учраас тойрогт өрнөх бүтээн байгуулалтын ажлын талаар яриагаа эхэлье?
-Би хотын унаган хүүхэд. Одоогийн Баянзүрх дүүргийн нутагт бага насаа өнгөрөөсөн. Урьд нь зөвхөн иргэний хувиар хотоо бодож явдаг байсан бол төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш олон түмний өмнө хүлээсэн хариуцлагаа дагаж явдаг болсон. Тэр ч утгаараа тойрогтоо олон ажлыг хийлээ. Мөн нэлээдгүй ажлууд хийхээр төсөвт суулгаад байна.Тодруулбал, өнгөрсөн жилийн төсөвт ажил дээр манай тойрогт цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барих ажил тавигдсан. Мөн дүүргийн XXII хороонд хот төлөвлөлтийн ажил хийгдэж бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил маань эхлэхийн хажуугаар IV хороонд мөн цэцэрлэг баригдаж байгаа. Дүүргийн IV, V, XXII хорооны нутаг дэвсгэрт инженерийн шугам сүл­жээг хаагуур тавих шаардлагатай байгаа талаархи судалгааг хийсэн. Үүнд 500-гаад сая төгрөгийн ажил хийх шаардлагатай гэсэн урьдчилсан дүн, зураг төсөвтэйгээ гарсан байгаа. Мөн зүүн Алтан-Өлгийн замын ажилд нийслэл өнгөрсөн жил тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж ажлаа эхлүүлсэн. Харин энэ оны төсөвт тус зам дээр 460 сая төгрөг нэмж тавигдсанаар энэ жилдээ зам ашиглалтад орох боломжтой болсон. Тухайн зам ашиглалтад орсноор хотын түгжрэлийг сааруулах чухал ач холбогдолтой.
-Тойргийн иргэдтэйгээ хэр уял­даа холбоотой ажиллаж байна. Тэд ямар асуудлаар орж ирэх юм?
-Тойрог болон хороодоос зохион байгуулж байгаа олон нийтийн ажилд тас­ралтгүй оролцож, иргэдийн санаа оноог байнга сонсдог. Төлөөлөгч хүнийхээ хувьд дүүрэг болон тойргийн төсвийн төлөөлөл зөв байх шаардлагатай гэсэн асуудлыг байнга хэлж байгаа. Энэ нь хүн амын тоотой төсвийн хөрөнгө оруулалт тэнцүү явагдах шаардлагатай гэсэн үг. Энэ онд хорооллын авто замын тохижилттой холбоотой олон ажлууд санаачилсан. Доржийн гудамжний өргөтгөл шинэчлэлтийн ажил болон уулзварууд дээр нэлээдгүй ажил хийхээр төлөвлөөд холбогдох хүмүүстэй ярилцаад явж байна. Энэ мэт өнгөрсөн жил нийслэлийн төсвөөр хийгдэж эхэлсэн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбороос эхлээд бүтээн байгуулалтын ажил энэ жил үргэлжлээд явах ёстой. Иргэдийн хувьд хамгийн түрүүнд аюул¬гүй байдалдаа санаа тавьж, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэх шаардлагатай байгаагаа дуулгадаг. Мөн алслагдсан хорооны хүүхдүүдэд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн санал ирдэг. Үүний дагуу бид аль болох иргэдийнхээ хүсэлт, шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байна. Манай тойрог дээр өнгөрсөн жил тодорхой үр дүнд хүрсэн ажлууд олон хийсэн. Энэ жил түрүү жилээс ч их үр дүнтэй ажил олон хийгдэх болов уу гэж найдаж байгаа.
-Нийслэлийн орон сууцны корпораци байгуулагдана гээд байгаа. Иргэд ч хүлээлт ихтэй байгаа болов уу гэж бодож байна. Ер нь таны бодлоор нийслэл хотын хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?
-Хот маань өдрөөс өдөрт хөгжиж байгаа. Хөдөө орон нутгаас хүмүүс хот руу нүүдэллэн ирж байна гэдэг чинь хөгжил энд байгааг, хөгжиж байгааг харуулж байгаагийн нэг жишээ. Үл хөдлөх хөрөнгө, барилга байшин, зам харгуй, тээврийн үйлчилгээ өдрөөс өдөрт шинэчлэгдэн сайжирч байна. Үүнийг хотод хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийгдэж байгаатай холбон тайлбарлаж болно. НОСК байгуулахын тулд нийслэлийн орон сууцны санхүүжилтийн компани байгуулагдах шаардлагатай. Олон улсын хотууд ч тийм байдаг юм байна лээ. Тэгэхээр компани байгуулах судалгааны ажлууд хийгдэж байгаа. Энэ нь эдийн засаг, санхүүгийн ерөнхий нөхцөл байдалтай холбоотойгоор схем нь зохион байгуулагдаж хийгддэг учраас тодорхой хүлээлттэй байгаа. Тэгэхдээ мэдээж зайлшгүй хийх шаардлагатай ажил учраас Засгийн газар, УИХ-аас шийдвэр гарчихвал хот энэ жилдээ НОСК-оо байгуулаад бүтээн байгуулалт эрчимтэй явагдана гэж бодож байна. Энэ нь орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхэд тодорхой үр дүнд хүргэнэ.
-Таны хувьд Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажилладаг. Орлогчийн ажлыг аваад хийсэн томоохон ажлын тань нэг бол багшийн хөгжлийг индексээр дүгнэдэг болсон. Энэ жилийн хувьд төсөв мөнгө нь тавигдсан уу?
-Өнгөрсөн хоёр жил төсөв нь тавигдаж багш нарын сургалтын үр дүнг индексээр тодорхойлж, урамшуулал олгосон. Энэ жил ч мөн үргэлжлүүлэн хийгдэхээр болсон. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын урамшуулалд нийслэл тэрбум төгрөг төсөвлөөд байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн засварын мөнгө нийслэлийн төсөвт анх удаа тавигдаж, эрүүл мэндийн төвүүд дээр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг авах зорилгоор нийслэлийн ИТХ-ын хурлаас 1.2 тэрбум төгрөг баталж өгсөн. Тэгэхээр нийгмийн салбарт хийх ажлууд дээр тодор­хой ахиц гарах байх гэж бодож байгаа.
-Урьд нь эрүүл мэнд, боловсролын байгууллага дээр нийслэлээс төсөв суулгаж өгдөггүй байсан хэрэг үү?
-Дээрх байгууллагын чиг үүрэг, санхүүжилт нь төсвийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний дагуу хийгддэг. Төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр хийгддэг ажил учраас нийслэл дээр төсөв харьцангуй бага тавигддаг байсан. Тэгэхээр улсын төсөв хүндрэлтэй байгаа энэ үед нийслэлийн зүгээс иргэдийнхээ эрх ашгийг бодож нийгмийн салбарт анхаарал тавьж нэмэлт санхүүжилт гаргасан гэсэн үг.
-Энэ жил эдийн засаг хүндэрнэ гээд байгаа. Нийслэл энэхүү хүндрэлийг хэрхэн даван туулах талаар ярилцаж байна уу?
-Эдийн засгийн байдал хүндрэнэ гээд байгаа ч хүндэрчихсэн байгаа процесс. Харин илүү их хүндрэх үү, хөнгөрөх үү гэдэг нь Засгийн газар, УИХ-ын хэмжээнд хийгдэх хөрөн­гө оруулалт, эрхзүйн орчноос хамаарна. Нийслэл бол одоогийн байгаа хууль тогтоомжийн хүрээнд өөрсдийн төсвийн чиг үүрэгт заагдсан ажлуудаа хийгээд явж байна. Мэдээж ажлаа өөдрөгөөр харж байгаа. Ер нь бол эдийн засгийн хямрал үечлэлтэйгээр явагдаж байна. Энэ онд эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Түүний дагуу бид хийх ажлаа өөдрөгөөр төсөөлж байна.
-Өнгөрсөн жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрийн талаар?
-Хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох, гадаад дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих боломжоор хангагдах юм. Мөн Улаанбаатар хотыг аялал жуулч­лалын зорих газар болгон гол зах зээлд сурталчлах, бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэнэ.
-Нийслэлийн баг “Хот шиг хөгжье,  хүн шиг амьдаръя” гэсэн уриатай ажиллаж байгаа. Ер нь таны бодлоор хот 20 жилийн дараа ямар болсон байх бол гэж төсөөлдөг вэ?
-Хотынхоо ирээдүйг өөдрөг тэмүүлэлтэй харж байна. Хотыг авилгагүй болгоё, албан тушаалтнуудын дур зоргоороо аашилдаг байдлыг таслан зогсооё, иргэдийнхээ оролцоотой, ил тод шийдвэр гаргаж байя, хотод амьдарч байгаа хүмүүсийн хөрөнгө оруулалтыг хамгаалъя гэсэн зорилттой ажиллаж байна. Шилэн дансны хууль ч хэрэг­жээд эхэлчихлээ. Тэгэхээр хэн хэндээ амар хот маань сайхан хөгжих байх гэж бодож байна. 20 жилийн дараа бидний төлөвлөж байгаагаар, бүс нутаг маань бизнес аялал жуулчлалын төв болсон байна. Мөн инженерийн шугам сүлжээнд 100 хувь холбогдсон, нийгэм соёлын байгууламжууд нь чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа нь жигдэрсэн, иргэд нь боловсон, эрүүл жаргалтай, найрсаг хот болно гэж хардаг.  
-Ер нь бол хоёр жилийн хугацаа үлд¬сэн гэж болно байх. Энэ хуга¬цаанд ямар ажил амжуулахаар төлөвлөөд байна?
-Манай шинэчлэлийн баг маш олон ажил төлөвлөж 2012 оны сон­гуульд орсон. Зарчмын шинжтэй засаглалыг сайжруулах, иргэдийн оролцоотой захиргааны шийдвэрээ гаргаж, төсөв батлах гээд олон ажлууд хийгдэж байна. Одоо тэдгээр амласан ажлаа төгөлдөржүүлэх үр дүнг нь үзэхээр ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулалтын олон ажлууд санаачилсан байгаа.

М.Янжинлхам