Лавлагаа авахын тулд урт дараалалд зогсохгүй

2014-12-04 00:00:00
Иргэд хорооноосоо улсын бүртгэлийн 10 гаруй төрлийн үйлчилгээ авах боломж бүрджээ. Өмнө нь лавлагаа авахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газарт ханддаг байсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн аль нэг хороон дээр очоод цахим үнэмлэхээрээ оршин суугаа хаяг, гэрлэлтийн, үл хөдлөх хөрөнгийн гэх мэт лавлагааг авч болно.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх ажлыг хийсэн байна. Энэ оны төсвөөс тус  хөтөлбөрт 4.2 тэрбум төгрөг төсөвлөсөн аж.
 
Харин тодотголоор нэг тэрбум төгрөг хасагдаж 3.2 тэрбум төгрөгийн төсөвтэй ажилласан ч энэ онд 20 орчим ажлыг хийсэн аж. Тухайлбал, эрүүл аюулгүй байдлын индексийг тооцоолох програм хангамжийг нэвтрүүлж хороо дүүрэг, агентлагийн албан хаагчдын ажлыг хөнгөвчилж, харилцан уялдаатай ажиллах боломжийг бүрдүүлсэн нь олон нийтэд хүрсэн байна.
 
Мөн нийслэлийн бүх төрийн албан хаагчдын цахим ажлын байрны нэгдсэн системийг хийж байгаа аж. Өнөөдөр нэг хүн ажлаас гарахад тухайн хүний ашиглаж буй компьютер дээрх мэдээлэл устдаг, түүнийг тухайн ажилтан өөрийн өмч мэт ойлгох ойлголт түгээмэл байдаг. Гэтэл энэ бол нийслэлийн өмч бөгөөд тухайн хүн зөвхөн ажлын шугамаар тус мэдээллийг авсан байдаг аж.

Уг системийг ашигласнаар мэдээлэл устах, энэ талаарх буруу ойлголт засагдах, төрийн ажил хэвийн тасралтгүй явагдах нөхцөлбүрдэх юм байна.