Р.Хайдав: Хотын зүүн чиглэлийн байрнуудын дулаан хүндрэлтэй байна

2014-12-03 00:00:00
Нийслэлийн зарим байрны дулаан доголдолтой байгаа талаар иргэд гомдолтой байна. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн гүйцэтгэх захирал Р.Хайдаваас тодрууллаа.

-Иргэдээс орон сууцны дулаантай холбоотой гомдол их ирж байна. Энэ нь юутай холбоотой вэ?
-Олон зүйлээс шалтгаалж болно. Цахилгаан станц, дулааны сүлжээ, тухайн байрны дотоод шугам сүлжээнээс ч хамаардаг. Тэгэхээр байр нь халахгүй байгаа бол манайд хандаж яг юунаас шалтгаалаад байгаагаа тодруулж болно. Шалтгааныг нь олоод тухайн газраа гомдол саналаа хэлж болох юм.

-Танай зүгээс ямар нэгэн гэмтэл, доголдол гараагүй юу?
-Ойрын өдрүүдэд хоёр гэмтэл гарсан. 30-40 жил болсон шугам хоолой хагарах тохиолдол байна. Таван шар болон Сүнжингранд зочид буудлын ойролцоо хоёр шугам хагарсан. Бид яаралтай арга хэмжээ авч засварласан.

-Ерөнхийдөө зүүн чиглэлийн байрнууд халахдаа муу байгаа мэдээлэл байна. Офицеруудын ордон, 16 дугаар хороолол гээд л?
-16 дугаар хорооллын тухайд гуравдугаар цахилгаан станцаас дулаанаа авдаг. Хоёр гуравхан хоногийн өмнө тэнд зуух нь ажиллахгүй зэрэг доголдол гарсан юм билээ. Түүнээс шалтгаалсан байж болох юм. Гэхдээ ерөнхийдөө хотын зүүн чиглэлийн байрууд хүндхэн байна. Амгалангийн дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор л энэ асуудал шийдэгдэх байх.

Т.Далай