Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-12-03 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 289 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих нийслэлийн Засаг даргын 2010 оны 625 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн зургаан дүүрэгт баригдах спорт цогцолборын барилгын 60,0 /жаран/ сая төгрөгийн зураг төсвийн ажлыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад зөвшөөрсүгэй.

     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, газрын байршлыг тогтоон, барилгажилтын ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлийн газар /Э.Хүрэлбаатар/-т, нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/-т, орчин үеийн стандартад нийцсэн спорт цогцолборын барилгын зураг төсөв боловсруулахад шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Ж.Ганболд/-т тус тус даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР