Налайх дүүрэг ХОТ болох уу?

2014-11-19 00:00:00
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд төвлөрлийг бууруулах зорилгоор Налайх, Багануур дүүргийг нийслэлийн дагуул хот болгох талаар тусгажээ.
Энэ ажлын хүрээнд “Налайх хотын үндсэн дүрэм”-ийг батлах тухай хэлэлцүүлэг Налайх дүүрэгт боллоо. Хэлэлцүүлэгт нийслэл болон тус дүүргийн иргэд оролцсон юм. Хотын дүрэм боловсруулах ажлын талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Дүрмийн төсөл дээр бид жил хагасын хугацаанд ажилласан. Дан ганц өөрсдөө боловсруулалгүй гадны байгууллагуудаас зөвлөх үйлчилгээ ч авч ажилласаны үндсэн дээр "Налайх хотын үндсэн хууль" гэж хэлж болохуйц үндсэн дүрмийг боловсрууллаа.

Жил хагасын хугацаанд "Налайх хотын үндсэн хууль" гэж хэлж болохуйц үндсэн дүрмийг боловсрууллаа.
Дүрэмдээ иргэдийн санал санаачлагыг авахаар хэлэлцүүлгийг эхлүүлж байна. Өнөөдрөөс эхлэн Налайх дүүргийн долоон хорооны иргэд хороо бүр дээрээ хэлэлцүүлэгт оролцож  Налайх дүүргийг хот болгох, дүрмээ батлах эсэхээ санал хураалтаар шийдвэрлэх юм. Ингээд хот болгохыг иргэд зөвшөөрвөл бид нийслэлийн иргэдийн хурлаар хэлэлцээд асуудлыг УИХ-д өргөн барина” хэмээн ярилаа.
“Налайх хотын үндсэн дүрэм”-ийн төслийг тус дүүргийн өрх бүрт тарааж байгаа бөгөөд хороодоор хэлэлцүүлэг өрнүүлсний дараа арванхоёрдугаар сарын 17-ны өдөр редакцийн комисс хуралдаж, иргэдийн саналыг дүрэмд нэмж тусгах ажлыг хийх юм байна.
Нүүрсний уурхай, аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжсөн Налайх дүүрэг нь жилд дунджаар улсад таван тэрбум төгрөгийн татвар төлдөг бөгөөд эргээд улсаас 3,8 тэрбум төгрөгийн татаас авдаг ажээ.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улсад татвар төлөөд л тэрийгээ буцааж гуйж аваад л нэг тийм утгагүй гүйлгээ яваад байна.
Харин хотын статустай болсноор татварын мөнгөө өөрийн захиргаан дээрээ төвлөрүүлж хотдоо захиран зарцуулах боломжтой болно. Энэ ажлын хамгийн эхний чухал алхам бол үндсэн дүрэмтэй болох юм.
Налайх дүүргийг 1955 оноос хойш дөрвөн удаагийн шийдвэрээр нийслэл Улаанбаатар хотын хороо, дүүрэг, бие даасан хот болгох зарлиг шийдвэрүүд гарч байсан хэдий ч энэ шийдвэрүүдэд иргэдийн дуу хоолой огтхон ч орж байгаагүй.Тиймээс иргэдийн саналыг тусгахаар өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.
Налайх дүүргийн тухайд товчхон
Улаанбаатар хотоос 36 километр зайтай,  68,7 мянган га нутагтай, 8992 өрхийн 32513 хүн амтай, Засаг захиргааны 7 хороотой.
Төрийн төсөвт 28 байгууллагатай, Ерөнхий боловсролын сургуульд 6000 гаруй сурагч, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрийн Төвд 1200 гаруй хүүхэд, цэцэрлэгт 1126 хүүхэд тус тус суралцаэ байна. 120000 , 45000 квт-ийн хос шугамаар Улаанбаатартай холбогдсон, эрчим хүчний хэрэглээг 10 дахин нэмэгдүүлэх чадалтай өртөөтэй. 
Нийслэлийг цэвэр усаар хангаж буй дээд эх үүсвэртэй холбогдсон. Дулааны одоогийн хэрэглээг гурав дахин нэмэгдүүлэхэд хангах дулааны станцтай юм байна.
 
Налайх ИРЭЭДҮЙД
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалыг УИХ-аар батлаад байгаа бөгөөд уг үзэл баримтлалд Налайх дүүргийг 65 мянган хүн амтай Улаанбаатар хотын дагуул хот болгож, барилгын материалын үйлдвэр, тээврийн ложистик төвлөрүүлэн хөгжүүлэхээр төлөвлөжээ.