Хэлэлцээ хийх ажлын хэсэг байгуулах тухай

2014-08-12 00:00:00
2014 оны 08 сарын 12  өдөр                                                            дугаар А/687                                                  Улаанбаатар хот
 
 
Хэлэлцээ хийх ажлын хэсэг байгуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хотын захиргааны шинэ төв” төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хэлэлцээг хийх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
           
Ажлын хэсгийн ахлагч:
Ё.Гэрэлчулуун          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 
Гишүүд: 
Н.Нацагдорж            Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Ерөнхий архитектор
С.Отгонгэрэл            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Э.Ганхүү                    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Ш.Төмөрбаатар        Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
М.Нямбаяр                 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга
Г.Батбаяр                   Хуульч, өмгөөлөгч /зөвшилцсөнөөр/
И.Батхүү                      Санхүү, төсвийн мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
Г.Батбаяр                   Барилгын мэргэшсэн инженер /зөвшилцсөнөөр/ 

Нарийн бичгийн дарга 
С.Энхжаргал              Нийслэлийн Засаг даргын Тамгын
газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
           
2. Дээрх ажлын хэсгийн хийх хэлэлцээний удирдамжийг хавсралт ёсоор баталсугай.
 
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
08 дугаар сарын 12-ны өдрийн
А/687 дугаар захирамжийн хавсралт
                                                                                           
 
 
 
ХОТЫН ЗАХИРГААНЫ ШИНЭ ТӨВ ТӨСЛИЙН
БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ
ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН УДИРДАМЖ
 
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Хотын захиргааны шинэ төв” төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэхээр шалгарсан БНСУ-ын Халла гонсол ХХК-тай гэрээ байгуулах хэлэлцээ хийхдээ дараах зарчим, чиглэлүүдийг баримтална. Үүнд:
 
1.    Хэлэлцээ хийх явцыг олон улсын тогтсон жишгийн дагуу баримтжуулах;
2.    Хэлэлцээ хийх явцад техник, санхүү, хууль, эрх зүйн болон шаардлагатай бусад зөвлөхүүдийг татан оролцуулах;
3.    Хэлэлцээний явцын талаар Нийслэлийн Засаг даргад тухай бүр танилцуулж тодорхой чиглэл авах;
4.    Барилгын ажлын гэрээний нөхцлийг эцэслэн тохиролцсоны дараа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулан зөвшөөрөл авсны үндсэн дээр байгуулах;
5.    Хэлэлцээг техникийн, санхүүгийн болон гэрээний бусад нөхцөл гэсэн 3 үндсэн чиглэлээр явуулж, дараах нөхцөлүүдийг тохиролцоно. Үүнд:
 
5.1. Техникийн асуудлаар:
 
5.1.1    Барилга угсралтын ажлын төсөвт өртөгийг олон улсын жишиг аргачлалаар тооцох, төсвийг экспертизээр орж батлуулах, батлагдсан төсвийн дагуу гүйцэтгэл тооцох;
 
5.1.2    Гүйцэтгэгч зураг төсөл хийсний дараа дотоодын эрх бүхий компаниар баталгаажуулж, улсын магадлал хийлгэх;
 
5.1.3    Байгаль орчинд ээлтэй, шинэ технологи, олон улсын стандартыг хэрэгжүүлэх тал дээр нээлттэй байж, хэрэгжүүлэх;
 
5.1.4    Байгаль орчны үнэлгээ, тайлан хийж байгаль, орчны асуудал эрхэлсэн яамаар батлуулж ажиллах;
 
5.1.5    Барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар үе шатны ажлын талбайн хяналт (supervision) хийлгэх, ажлын гүйцэтгэл, үнэлгээ, төлбөрийг сар бүр хянуулж, төлбөрийн даалгаврыг баталгаажуулж захиалагчийг мэдээллээр хангаж ажиллах;
  
5.1.6    Хугацааны алдангийг үе шатны ажилбарууд дээр тодорхой болгож тооцохоор гэрээнд оруулах;
 
5.1.7    Барилгын ажил гүйцэтгэх хугацаа гэрээ байгуулсанаас 3 жилээс ихгүй байхаар тогтох;
 
5.1.8    Монголын хууль дүрмийн дагуу техникийн болон улсын комисс  ажиллуулах зарчмыг тусгах.
 
5.2. Санхүүгийн асуудлаар:
 
2.1    
5.2.1.   Төслийн санхүүжилтийн зардлыг тохиролцох, төслийн санхүүжилтийн
зардлыг бууруулах, хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх зорилгоор барилга угсралтын ажлын үнийн дүнгийн 40% хүртэлх хэмжээний барьцаанд үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгийг дотоодын банкинд барьцаалж, баталгаа гаргах;
 
5.2.2.   Төслийн гүйцэтгэлийн явцыг техник, санхүү, хууль, эрх зүйн үүднээс хянан баталгаажуулж, санхүүжилтийг олгуулж байхаар гүйцэтгэгч болон гүйцэтгэгчийн гадаад, дотоодын банкуудтай тохиролцох;
 
5.2.3.   Төлбөрийн нөхцлийг дараах чиглэлийг харгалзан тохиролцох:
 
-     Гэрээний нийт үнийн дүнгийн 40%: Барилгын ажил эхэлснээс хойш 3 дахь жилд, гэхдээ ажлын гүйцэтгэл 60-аас доошгүй хувьтай, ажлын хуваарь зөрчигдөөгүй байгаа нөхцөлд төлнө. Үүнээс 30%-ийг ажлын гүйцэтгэл, үнэлгээ, төлбөрийг сар бүр хянуулж, баталгаажуулсан төлбөрийн даалгаврыг үндэслэн тухай бүр хэсэгчлэн төлөх, үлдсэн 10%-ийг хэсгийг барилгыг ашиглалтад хүлээн авсны дараа төлөх;
 
-     Гэрээний нийт үнийн дүнгийн 30%: Барилгын ажил эхэлснээс хойш 4 дэх жилд, гэхдээ барилга улсын комисс хүлээн авч, ашиглалтад бүрэн орсон байх, барилгын чанарын талаар зөрчилгүй байгаа нөхцөлд төлөх;
 
-     Гэрээний нийт үнийн дүнгийн 30%: Барилгын ажил эхэлснээс хойш 5 дахь жилд, гэхдээ барилга улсын комисс хүлээн авч, ашиглалтад бүрэн орсон байх, барилгын чанарын талаар зөрчилгүй байгаа нөхцөлд төлөх.
 
5.2.4.   Төсөл хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй эрсдэлийн хуваарилалтыг тохиролцох;
 
5.2.5.   Гүйцэтгэгчээс гүйцэтгэлийн баталгааг гэрээний нийт үнийн дүнгийн 10% хүртэлх хэмжээгээр гаргуулах;
 
5.2.6.   Гэрээний төлбөрийг нийслэлийн төсвөөс төлөх нөхцөлийг гэрээнд тусгах;
  
5.2.7.   Нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан эсхүл бусад эх үүсвэрээс гэрээний төлбөрийг хугацаанаас нь өмнө төлөх тохиолдолд холбогдох санхүүжилтийн зардлыг бууруулж тооцох талаар тохиролцох.
 
5.3. Гэрээ, хуулийн бусад асуудлаар:
 
5.3.1. Хэлэлцээ хийгч талыг төлөөлж буй этгээд хэлэлцээ хийх, хэлэлцээний асуудлаар бие даан, эцсийн шийдвэр гаргах бүрэн эрхтэй эсэхийг шалгах, баталгаажуулах;
 
5.3.2. Гэрээг Халла-ын толгой болон Монгол Улс дахь охин компанитай нь хамт байгуулах, ажлаа чанартай, хугацаанд нь хийж, хүлээлгэн өгөх, хариуцлагыг бүрэн хүлээх баталгааг Халла-ын толгой компаниар гаргуулах;
 
5.3.3. Барилга угсралтын гэрээний нөхцлийг тохиролцохдоо Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлах;
 
5.3.4. Барилга угсралтын гэрээний нөхцлийг тохиролцохдоо Олон улсын зөвлөх инженерүүдий холбоо (ФИДИК)-ноос гаргасан жишиг гэрээний нөхцөл, түүнд тусгагдсан зарчимд нийцүүлэх;
 
5.3.5. Гэрээг Монгол Улсын хуулийн дагуу байгуулж, үүссэн маргаантай асуудлыг дотоодын шүүх, арбитраар шийдвэрлүүлэх нөхцлийг тусгах;
 
5.3.6. Төсөл хэрэгжүүлэх явцад захиалагч (НЗДТГ) болон гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаж тохиролцох.