Нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас газрыг тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах тухай

2014-07-29 00:00:00
 2014 оны 07 сарын 29 өдөр                                                                      дугаар А/653                                           Улаанбаатар хот
 
 
   Нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн
   шугам сүлжээний хамгаалалтын зурвас
    газрыг тогтоох үйл ажиллагааг
    зохион байгуулах тухай
 
 
            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.14, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 25 дугаар зүйлийн 25.5.5, Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар “Журам батлах тухай” тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байрших дулаан, цахилгаан холбоо, цэвэр болон бохир ус, үерийн далан, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг шинэчлэн тогтоож, хангагч байгууллагуудад газрыг эзэмшүүлэх үйл ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.
 
1.1. Өөрийн байгууллагад  харьяалагдах инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвасыг нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн эсэхийг шалган, дутуу болон буруу бүртгэгдсэн инженерийн шугам сүлжээний зургийг байр зүйн зургийн стандартын дагуу хийж гүйцэтгүүлэн,  хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх ажлыг 2014 оны 09 дүгээр сарын       01-ний өдрийн дотор гүйцэтгэж дуусахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/-д, Ус сувгийн удирдах газар  /С.Үнэн/-т, “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ  /Д.Энхсайхан/-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /С.Төмөрхүү/-д, “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК /Ж.Равдандорж/-д, “Мэдээлэл холбоо сүлжээ”  ТӨХК /П.Маргад-Эрдэнэ/-д, Төмөр замын дохиолол холбооны эрчим хүчний алба /Л.Гунгаажанцан/-нд, “Радио телевизийн сүлжээ” УТҮГ /Ч.Оюунбаатар/-т, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК /С.Бямбаахүү/-д, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК /Д.Чимэддорж/-д, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК /Б.Цэвээн/-д, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т тус тус,
 
1.2.Энэ захирамжийн 1.1-д дурьдсан байгууллагуудаас ирүүлсэн инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвасын байр зүйн зураг, холбогдох бусад мэдээллийг нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэн,  мэдээллийн  санд  зохих  шинэчлэл,  өөрчлөлтийг  оруулж,  инженерийн шугам  сүлжээ болон  түүний хамгаалалтын  зурвасын мэдээллийг байр зүйн зургийн хамт 2014 оны 09 дүгээр сарын 05-ны дотор Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэж өгөхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т,
 
1.3.Инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвасын талаарх шинэчлэгдсэн мэдээлэлд үндэслэн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гарган, инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвас газраас иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлснээс бусад  газрыг тухайн шугам сүлжээний хангагч байгууллагуудад эзэмшүүлэх ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн  харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасуай.
 
2.Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийн талаар нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралд 2014 оны 10 дугаар сард багтаан танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                        Н.БАТАА