Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-10-22 00:00:00
2013 оны 10 сарын 22 өдөр                                                  дугаар А/957                                       Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.6, Төсвийн тухай хуулийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/374, 2013 оны А/160, 2013 оны А/161, 2013 оны А/56 дугаар захирамжаар Япон улсын буцалтгүй тусламжийн хөрөнгө болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 10, 17, 19, 22, 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх Гачууртын эх үүсвэр төсөл”-ийн цэвэр ус дамжуулах шугам, улсын төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 3,6 км авто замыг шинэчилж, 1,2 км авто зам шинээр барих, Чингэлтэй дүүрэг, 39 дүгээр сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор захын эцсийн бууудал хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлт, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, “Зүүн сэлбэ” орон сууцны хороолол доторх 0,6 км авто зам шинээр барих зурваст орсон  иргэдийн  өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа эд хөрөнгийн нөхөх олговрын төсвийг 1, 2, 3, 4 дүгээр хавсралтаар баталсугай.
               
2. Хавсралтад дурьдсан 6 иргэнд олгох нөхөх олговрын 93 715 629/ ерэн гурван сая долоон зуун арван таван мянга зургаан зуун хорин ес / төгрөгийг 2013 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан  төсвөөс  гаргахыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
     
3. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
          
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.
                                                                                     
 
 
                       
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ