Хөрөнгө гаргах тухай

2013-10-18 00:00:00
2013 оны 10 сарын 18 өдөр                                                  дугаар А/952                                        Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4,  Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 1.32 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 4/12, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн 52 байршлын 15309 га газрын кадастрын судалгаа, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зургийн ажилд шаардагдах 883,0 /найман зуун наян гурав/ сая төгрөгийг шинээр баригдах, шинэчлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах ажлын тендер шалгаруулалтын хэмнэлт болон хэрэгжүүлэх боломжгүй зураг төслийн ажлуудын хөрөнгөнөөс   зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй. 
 
2. Дээрх ажлыг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
4. Зураг төслийн ажлыг нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
5. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2012 оны А/698 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 1.7, 2012 оны А/695 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 23, 2012 оны А/121 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтын 2 даахь заалт, 2012 оны А/692 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                 БӨГӨӨД УЛААНБААТАР
                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ