Мал, амьтны гоц халдварт өвчнөөс Урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2021-07-08 08:00:30

2021 оны 07 сарын 08-ны өдөр                                   Дугаар А/546                                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мал, амьтны гоц халдварт өвчнөөс

Урьдчилан сэргийлэх арга хэмжээг

эрчимжүүлэх тухай

 

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-7.8, 7.12, 7.15, 7.16 дахь хэсэг, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 02 дугаар албан даалгавар, Сангийн сайдын 2021 оны 61-р тушаал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны А/139 дүгээр тушаал, Нийслэлийн онцгой комиссын 04 дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэдрэмтгий мал, амьтныг дархлаажуулах, тандалт шинжилгээ хийх, Багануур, Багахангай дүүргүүд дэх авто тээврийн шалган бүртгэх товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл болон хүнсний зах, худалдааны төв, мал нядалгааны газар, түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах үйлдвэр, малын хашаа, хороо,  тоног хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийх,  халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлж ажиллахыг нийслэлийн Мал  эмнэлгийн газар (А.Нарантуяа)-т даалгасугай.

 

     2.Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах халдваргүйтгэлийн бэлдмэл, халдвар хамгааллын хувцасны зардлын тооцоог нэгдүгээр, халдваргүйтгэл, хяналт шалгалтын ажилд шаардагдах шатахууны зардлын тооцоог хоёрдугаар, дээж авах, тандалт шинжилгээ хийх зардлын тооцоог гуравдугаар хавсралтаар баталсугай.

 

     3.Авто тээврийн шалган бүртгэх товчоогоор нэвтэрч байгаа мал, амьтны шилжилт хөдөлгөөн, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатгаж, өвчлөл бүхий бүс нутгаас амьд мал, амьтан тээвэрлэх, тууварлах, дамжин өнгөрүүлэхийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоож ажиллахыг  нийслэлийн Мал эмнэлгийн газар (А.Нарантуяа), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн), Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар) -т үүрэг  болгосугай.

 

      4.Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай хөрөнгийг шуурхай шийдвэрлэж, иргэдэд зарлан мэдээлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг  болгосугай.

 

    5.Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт болон ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын явцад хууль тогтоомж дүрэм журам, зааврын дагуу хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар (А.Нарантуяа), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т үүрэг  болгосугай,

 

      6.Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах 63,297,300(жаран гурван сая хоёр зуун ерэн долоон мянга гурван зуу)  төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй. 

 

      7.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т даалгасугай.

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Д.СУМЪЯАБАЗАР