Зах, худалдааны төвүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2013-10-15 00:00:00
2013 оны 10 сарын 15 өдөр                                        дугаар А/944                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.6 дахь заалт, “Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд хийсэн хяналт шалгалтын дүн”-г хэлэлцсэн Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Улаанбаатар хотод зах, худалдааны төв ажиллуулахад тавигдах шаардлага, ажиллах журмыг шинэчлэн боловсруулж, батлуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд  үүрэг болгосугай.
 
2. Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд худалдаа, үйлчилгээний технологи, стандарт, ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны технологи хангаагүй газруудад хугацаатай албан шаардлагыг нэг бүрчлэн хүргүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, дүнг нэгтгэн 2013 оны 12 дугаар сарын 05-ны дотор танилцуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т тус тус даалгасугай.
       
3. Мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь  биелүүлээгүй, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, ойр орчмын хөрсний дээжинд хийгдсэн   шинжилгээгээр   хөрсний бохирдолт   их   гарсан,   ил   задгай  талбайд худалдаа, үйлчилгээ явуулж хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд учруулж байгаа  Нарантуул трейд ХХК-ийн Нарантуул худалдааны төв, Собу ХХК-ийн  Өгөөмөр зах, Барс импекс ХХК-ийн Барс-1 худалдааны төвийн үйл ажиллагаанд  дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний саналыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Н.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
                 
4.Одоо ажиллаж байгаа зах, худалдааны төвүүдийн газар эзэмших гэрээг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинэчлэх ажлыг 2013 онд багтаан зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Н.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
5. Барилгын материал, техникийн болон мод, модон материалын захуудыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын А, Б зэрэглэлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т даалгасугай.
         
6. Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгосугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ